Байр суурь3 мин унших
О.Саранчулуун: Албан тушаал, эрх мэдлээ ашиглан илт давуу эрх эдлэхийн эсрэг хүн учраас ХБИ-ээ төлөөлж парламентад гишүүн гээд сууж байгаа юм
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан өргөдлийг хэлэлцлээ.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох өргөдлийг хэлэлцэн, тус асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Үүнтэй холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Албан тушаал, эрх мэдлээ ашиглан илт давуу эрхтэй байдаг шударга бус явдалд би ч мөн адил дургүй. Би үүний эсрэг байдаг учраас өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлж парламентад гишүүн гээд сууж байгаа юм. Энэ талаар ярих гэж энд орж ирсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй учраас надад онцгой зүйл өгөөч ээ, надад нэг хаалгаа, сандлаа засаад өгөөч гэж хувьдаа ямар ч шаардлага хүсээгүй. Миний ард байгаа хүмүүст адил тэгш байдал бий болгооч ээ гэж парламентад орж ирсэн. Бусад гишүүдтэй адил, тэр хэмжээнд хүрэхийн тулд өнөөдөр унах үедээ унаж, босох үедээ босоод л явж байна.
УИХ-ын гишүүд дунд 30 жилийн өмнө байсан зүйлийг өнөөдөр ярьж байна гэдгийг хэрхэн харж байна вэ гэхээр манай парламент харьцангуй юмс бага багаар ил тод болж байна. Иргэд өшөө олон гарын үсэг цуглуулаасай, өшөө олон даубл стандарт байгаа зүйлс дээр дугараасай гэж бодож байна.
Нөгөө талд эмч, багш нарын нийгмийн хамгаалал хангалтгүй учраас жагсаж байгаа гэдгийг үг дуугүй улсаараа хараад сууж байгаа. Зарим ээж, аав нар хүүхздээ өөрсдөө харъя гээд байж байна. Ниймгийн хамгаалал, халамжийн дэмжээгүй төрийн албан хаагчдаас бид ямар хариуцлага, үүргийг хүлээхэв дээ. Өөрсдөө хүүхдээ өсгө, өөрсдөө хүүхдээ хар гээд.
Энэ зарчим хаа сайгүй адил байх ёстой гэж бодож байна. Үүнийг төрийн албан хаагчдын бүх төрөл дээр адил тавих ёстой. Улс төрийн албан хаагч байна уу, төрийн үйлчилгээ байна уу, төрийн албан хаагч байна уу хамаагүй.
Энэ асуудал дээр бид чиний лааг үлээчихвэл миний лаа тодрохгүй гэдэг шиг УИХ-ын гишүүдийн аваад байгаа бүх зүйлийг бүгдийг нь байхгүй болгоё гэдэг зорилго юмуу, эсвэл парламентад оруулж байгаа хүмүүсийг илүү ил тод, шударга болгоод өгөөч гэдэг хариуцлагыг хүсээд байна уу гэдгийг ажлын хэсэг дээрээ өшөө сайн илүү ярих ёстой.
Миний хэлсэн бусад оронд байгаа шилжилтийн хөтөлбөр байна уу, тэтгэмж гэж нэрлэх үү, хугацааг нь багасгах ёстой юу, эсвэл ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй байгаа тухайлбал, ХБИ-дийн хүртэж чадахгүй байгаа зүйлтэй адил хэмжээнд авчрах юмуу гэдэг зарчмын асуудлаа ярих ёстой.
Үүгээр далимдуулж УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг өшөө сайн ярих ёстой гэж бодож байна. Хэн нь илүү иргэдтэйгээ ил тод харилцаж байна вэ, аль нь мэдээллээ өгдөг, аль нь өгдөггүй вэ гэдэг дээр төвлөрч хариуцлагаа тооцох ёстой…
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


