Үйл явдал1 мин унших
Монголын хуульчдын ноён оргилуудын нэг академич, С.Нарангэрэл багшдаа баяр хүргэе

Өнөөдрөөс эхлэн алтан ургийн удмын оюунт хүн Та эзэн Богд Чингис хааны одонт хуульч хэмээн түмэн олноо хүндлэгдэх боллоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын нэгэн баталгаа болсон Үндсэн хуулийг дээдлэн шүтэх, хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, хүний эрхийг хүндэтгэн хамгаалах, хууль засаглаж эрх зүйт төр ноёлох үндсийг тавьсан эрхэм таны эрдэм номын үйл хэрэгт их амжилтыг ерөөе.
Хуулийн сургуульд суралцаж номын дуу сонсож ахуйдаа ч, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж эрх зүйн шинэчлэлийг гардан хэрэгжүүлж байхдаа ч, тун саяхан Үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийг цэц дээр хамгаалах засгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр суухдаа ч эрхэм багшийн эрдэм оюун, гүн мэдлэгийг биширч, мэргэн зөвлөгөөг авч байсан минь их хувь билээ.
Багшийн хэлсэн "Үндсэн хууль бол нэг талаас монголчуудыг сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдруулах, “БИ МОНГОЛ ХҮН" гэж бахархалтай явах, нөгөө талаас Монголын төр, түүний албан хаагчдыг эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэдэг болгох нэг ёсны алтан аргамж юм" хэмээсэн үг хууль ёсоо эрхэмлэгч монгол хүн бүрийн зүрхний бичээс билээ.
