Үйл явдал1 мин унших
Зээлдэгч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, зээлийн хүүг бууруулах ажилд идэвхтэй хамтран ажиллахыг мэргэжлийн холбоодод уриаллаа

Монголын даатгалын зах зээлийн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хамтран УИХ-ын дарга С.Бямбацогтод албан бичиг ирүүлсэн юм. Уг бичигт Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлагыг мэргэжлийн чадвар, туршлага, ёс зүй, хараат бус байдал, ил тод шалгуурт тулгуурлан томилохыг хүссэн байна.
УИХ-ын дарга холбоодын байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлээд дараах асуудлыг онцоллоо.
“УИХ таныг сонсож байна” цэсээр иргэдээс ирүүлсэн 1000 гаруй саналын дийлэнх нь зээлийн өндөр хүү, өрийн дарамтыг бууруулах тухай байна.
Банк бус санхүүгийн салбар 2025 онд 900 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ч иргэдийн өрийн дарамт буурсангүй.
Санхүүгийн зохицуулах хорооны дараагийн даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно. Ингэхдээ зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодит үр дүн гаргах чадварыг тэргүүлэх шалгуур болгоно.
Хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хууль, журмын дагуу энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.
Мөн тэрбээр зээлдэгч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, зээлийн хүүг бууруулах ажилд идэвхтэй хамтран ажиллахыг мэргэжлийн холбоодод уриаллаа.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
