Байр суурь2 мин унших
Б.Түвшин: Малын индексжүүлсэн даатгалыг албан журмын шинжтэй болгоод байгаа заалтыг хасах саналтай байна!
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Учир нь малчдын даатгалд хамрагдах эрсдэлийн цар хүрээг нэмж оруулж байгаа. Нөгөө талдаа орон нутгийн бүсчлэлийн хэмжээг багасгах байдлаар нөхөн төлбөр олгох боломжийг нь нэмэгдүүлж байгаа гэсэн агуулга бий.
Гэхдээ 2, 3 асуудал байна. Төр малчдынхаа даатгалд яаж оролцдог вэ гэхээр нэг бол даатгалын хураамжийг нь төлж өгдөг, эс бөгөөс эрсдэлийг нь бууруулахад оролцдог. Өнөөдөр манай төрийн оролцож байгаа хэлбэр нь ТӨК-ийн хэлбэрээр буюу давхар даатгалын компани байгуулж эрсдэл дээр суурилсан бүтээгдэхүүн гаргаж, үүнийг нь малчид худалдаж авах байдлаар оролцож байгаа нь төрийн бүтэн оролцоог хязгаарлаж байна гэж хувьдаа үзэж байна. Үнэхээр төр малчдаа дэмжье гэж байгаа бол хураамж дээр нь оролцох ёстой.
Эрсдэл дээр суурилсан давхар даатгалын компанийн байдлаар явж байгаа нь эрсдэлийг бизнес болгож хувиргаж байгаа давуу талтай юм шиг боловч эрсдэл нь өөрөө ихэвчлэн давагдашгүй байдлын буюу том хэмжээний эрсдэл учраас их хэмжээний хохирол гарсан үед гарцаагүй оролцох боломжтой, шаардлагатай.
Хоёрдугаарт, Малчны тухай хуулийн 12.3.5-д нэмэлт өөрчлөлт оруулаад тэр хуулийн 12.5 12.6-д заасан малчдыг дэмжих зорилгоор олгодог хөнгөлөлттэй зээлүүдийг олгоход уг даатгалд заавал хамруулсан байх ёстой болдог. Хамруулаагүй бол хөнгөлөлттэй зээл олгохгүй ээ гэдэг шаардлага орж ирж байгаа нь энэ даатгалыг албан журмын даатгал шиг болгож байна. Энэ нь малчдын төлбөрийн чадварт нөлөөлөх үү? Үүнд би шүүмжлэлтэй хандаж байна. Албан журмын даатгал шиг байлгах нь байтугай даатгалын хураамж дээр төр оролцох ёстой энэ үзэл баримтлал өөрөө төр өөрөө даатгалын компани хэлбэрээр энд оролцож байгаа үндэслэлтэйгээ зөрчилдөж байгаа юм биш үү! Малчдын тухай хуульд өөрчлөлт оруулах хэсгийг нь хасчихвал яасан юм бэ гэдэг ийм санал байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


