Байр суурь2 мин унших
Б.Хэрлэн: Эрчим хүчний компаниудаа хувьчилснаар иргэд, ААН-үүд тоггүй болж, цонхоороо яндангаа гаргаад суух хэмжээнд хүрчих вий!
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчлах замаар хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэх засаглалыг сайжруулах энэ бодлогыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хувьчлалын өгөөж, үр дүн мөн хувьчлалын өмнөх бэлтгэл ажил, хувьчлалын дараах хяналт, хариуцлагынбодлогоос ихээхэн хамаарна. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудад өнөөдөр Монгол Улсын ажиллах хүчний 10% нь ажиллаж байгаа гэсэн статистик тоо бий. Хувьчлалд бэлтгэх ажлын хүрээнд төрийн өмчийн үйлдвэрийн газруудад ажиллаж байгаа ажиллах хүчний талаар ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна.
Ер нь ажилтай нь байлгах уу, эсвэл өөрчлөх үү. Энэ хүмүүсийг дахин сургаж ажлын байранд зуучлах ажилтай, орлоготой байх нөхцөл боломжийг нь хангах талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ. 1990-ээд оны дундуур их хувьчлал, бага хувьчлалын үед олон мянган хүн ажилгүй гудамжинд гарч байсан. Бүтцийн ажилгүйдэл гэдэг нэр томьёо хүртэл гарч байсан. Энэ гашуун сургамжаа санаж, бид нар энэ асуудлыг онцгой анхаарч авч үзэх ёстой. Монгол Улсын 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулна гэсэн том зорилго орж ирсэн.
Төрийн бодлого уялдаатай байх ёстой. Энэ хувьчлалын асуудлын хүрээнд ТӨҮГ ажиллаж байгаа хүмүүсийн ажилтай, орлоготой байх асуудлыг цаашид яаж шийдвэрлэх гэж байна вэ. Эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, санхүүгийн салбар гээд ард иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлж байдаг үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэх стратегийн салбаруудад хувьчлал хийхээр орж ирж байгаа. Үүнийг хувьчилсны дараа хэрхэн хяналт хариуцлага тавих вэ. Ялангуяа цахилгаан дулааны үйлдвэрээ хувьчлахаар эцсийн хэрэглэгч иргэд, ААН-үүд тоггүй болж цонхоороо яндангаа гаргаад суух хэмжээнд хүрчих вий дээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


