Онцлох мэдээ2 мин унших

Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцлээ

Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг тогтоолын төслийг танилцууллаа.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх талаар тусгасан байдгийг дурдаад “Эдгээр зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын дарга Н. Учралын санаачилгаар энэхүү төслийг боловсруулсан” хэмээн танилцууллаа.

Тархмал эх үүсвэрийг гурван чиглэлээр эрчимжүүлэх шаардлагатай байдгийг тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласан. Нэгдүгээрт, айл өрхийн тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт аймаг, сумдын тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гуравдугаарт автомашиныг цэнэглэх тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам байдаг аж. Ийм гурван чиглэлээр ногоон эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Гэр хорооллын айл, өрхүүд нарны панелыг батарей халаагууртай нь суурилуулаад яндангаа салгаснаар нэн тэргүүнд агаарын бохирдлыг бууруулах, улмаар өрхийн хэрэглээгээ бүрэн хангахаас гадна илүүдэл эрчим хүчээ сүлжээ рүү борлуулан орлого олох боломжийг бүрдүүлэх төслүүд олон хэрэгжиж байгааг М.Энхцэцэг гишүүн хэлсэн.

Энэ төрлийн төсөл гурван дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа жишээг тэрбээр дурдаад, төсөл олон хэрэгжихийн хэрээр нэг өрхөөс гаргах хөрөнгө оруулалт буурах, мөн холбогдох үйл явц хөнгөвчлөгдөх, айлууд яндангаас салж, агаарын бохирдол буурах зэрэг олон талын ач холбогдолтойг тайлбарлаж байсан. Түүнчлэн “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”- журмыг шинэчилж, сайжруулах чиглэлийг төсөлд тусгасан байна.

Айл, өрхийн тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын жишгийн дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх загварыг боловсруулах чиглэлийг мөн төсөлд тусгажээ. Үүний сацуу алслагдсан аймаг, сумдын эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, аймаг, сумдын цахилгаан хангамжийг тогтвортой болгох шаардлагын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Цахилгаан машины хэрэглээг дэмжих хүрээнд цахилгаан машиныг цэнэглэх байгууламжуудыг тархмал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт суурилан олноор байгуулахыг Засгийн газарт чиглэл болохоор төсөлд тусгасан байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрчим хүчХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009