Үйл явдал1 мин унших
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Япон улсад ажиллалаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тэргүүтэй УИХ-гишүүн Ц.Баатархүү, Р.Батболд, Б.Заяабал, Г.Очирбат, Л.Соронзонболд нарын төлөөлөгчид Япон Улсад 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн Дээд танхимын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга М.Хамагүчи-тэй 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн тухай дурдаад, энэхүү түүхэн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг Монгол Улс болон Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, хүн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.
Мөн Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсонд Монголын тал талархал илэрхийлэв.
Түүнчлэн Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хүрээнд хоёр улсын худалдааны тэнцвэрийг сайжруулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар талууд харилцан санал солилцов.
