Үйл явдал1 мин унших
Сэлэнгэ аймагт баригдаж буй ДЦС-ыг дэд бүтцийн сүлжээнд холбох шугамыг улсын төсвийн хөрөнгөөр барина

УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг танилцуулж, нээлттэй мэдээлэл солилцлоо.
УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье, цэгцэлье” санаачилга нь Засгийн газрын бодлоготой уялдан, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх, цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн өсөн дэвжих бодит боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
УИХ, Засгийн газар нэг зорилго, нэг чиглэлд уялдаа холбоотой ажиллаж, бодлого–гүйцэтгэл–хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлснээр төрийн үйл ажиллагаа цэгцэрч, төр, иргэний харилцан итгэлцэл бэхжиж, авлига, хээл хахуульд цэг тавих чухал алхам болно.
Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн иргэдэд дараах мэдээллийг өглөө.
-Сэлэнгэ аймагт баригдаж буй дулааны цахилгаан станцыг дэд бүтцийн сүлжээнд холбох агаарын болон газар доорх шугамын бүтээн байгуулалтыг Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
- ХАА-н салбарын 2025 оны урамшууллыг бүрэн олголоо.
-Сайхан суманд баригдах спорт цогцолборын санхүүжилтийг 2026 оны улсын төсөвт тусгалаа.
Сэлэнгэ аймгийн иргэд Хөдөө аж ахуйн чиглэлийн дээд сургууль байгуулах, мөн стратегийн чухал байршил, хилийн боомтыг харгалзан аймгийг хотын статустай болгох асуудлыг хөндөн ярилаа. Хотын статустай болсноор Дархан хотын жишгээр хөгжил, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэнэ гэж иргэд үзэж байна.
Иргэдийн санал бодол, дуу хоолой бол бодлогын гол чиг шугам байх ёстой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
