Үйл явдал3 мин унших
Онцлох мэдээллүүдээ хүргэж байна

Цаг үеийн мэдээлэл
2026 оныг завгүй эхлүүллээ. Оны эхний улирал аль хэдийн дуусахтай зэрэгцэн онцлох мэдээллүүдээс та бүхэнтэй хуваалцъя.
- Намрын ээлжит чуулган дуусаж, шинэ он гарснаар гэр бүлдээ чанартай цаг зарцуулах боломж олдов
- Тун удалгүй ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль-д жил бүр ордог хичээл эхлэв. Одоогийн залуучууд сүрхий. Байнга шинэ соргог мэдээллийг хүсэж байсныг санаад, лекц, семинараа хэрхэн явуулах вэ гээд нэлээд бэлдлээ. Ажлын албаараа хамтдаа аймаг руу явдгийг хэлэх үү нэлээд их бэлтгэлийн араас хичээлээ эхлүүлсэн. Ашигт малтмалын эдийн засгийн тухай хичээлд 2024, 2025 оны буюу шинэ тутам гарсан мэдээлэл бүрийг оруулахыг хичээсэн. ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль мундаг хөгжиж байна. Нэлээд дээрээс яригдсан сургуулийн болон оюутны дотуур байрны асуудлыг үтэр түргэн шийдэх төрөөс өгөх дэмжлэг л бараг үлдэж. Уул уурхайн олон төсөл хэрэгжиж байгаа газар оюутнууд сурахыг хүсэх нь тодорхой. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, яг дадлагаа хийх бааз суурийнх нь дэргэд Эрдэнэтэд байдаг ШУТИС шиг сургууль өмнөд бүсэд байгуулагдсан байгаа. Өнөөдрийг хүртэл чадах чинээгээрээ хөгжүүлж буй аймаг дахь баг хамт олонд талархал илэрхийлье.
- Хичээл орж эхлэхээс өмнө Нанзадын Наранбаатар гишүүний хамтаар Говьсүмбэр болон Дундговь аймгийн сумдаар ажиллав. Иргэдтэй уулзаж, намрын чуулганы үйл ажиллагааны тайлан болон ажиллаж буй хуулийн төслүүдийг танилцуулж, санал хэлэлцэв. Сонссон, мэдээлэл авсан бүх ажлын араас тууштай явж ажиллана.
- XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн золголт болов. Аймагтаа шинэлэх сайхан байлаа. Ахмадуудтайгаа уулзаж, айл өрхөөр зочилж, олон сайхан дурсамжийг сэргээж мөн шинээр бичсэн сайхан жил гарав. Гал морин жилд өрнүүн их ажил ундрах юм гэнэ лээ. Хичээгээд л, чадах чинээгээрээ, зөв зүгт харан баг хамт олонтойгоо ажиллана даа.
- 2 дахь жилдээ Өмнөговь U марафон нэртэй боловсролын аяныг аймгийн хэмжээнд ахлах сургуулийн сурагчдад зориулж зохион байгууллаа. Боловсролыг дэмжиж, хамтран ажилласан Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс - Хөгжлийн Төлөө болон Trigteq ХХК-ийн хамт олонд баярлалаа. Энэ жилийн оролцогчид өмнөх оныхоос илүү идэвхтэй байлаа. Нийгмийн төсөл бичиж, хэрэгжүүлж, хамгаалахаас гадна сурагчдыг Тогтвортой хөгжлийн зорилтуудаас уур амьсгалын өөрчлөлт, Хариуцлагатай хэрэглээ болон Жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой зорилтын хүрээнд эссе бичиж, илтгэл тавиуллаа. Бичих болон илтгэх чадварын сургалтуудыг мэргэжлийн багш нараар оруулсан. Бичиж сурна, бичсэнээ бүгдэд ойлгомжтой илтгэж сурах нь ирээдүйд нь хэрэг болно гэж бодсон юм. Монголын маань ирээдүй тод гэрэлтэж байна аа. 1 сарын хугацаанд, ахлах ангийн сурагчид гидропоник технологиор байцаа тарьж, хог хаягдлыг ангилан ялгаж, хариуцлагатай хэрэглээ болон жендэрийн хэвшмэл ойлголтын тухай бие биедээ, аав ээждээ болон дүү нартаа сургалт орж, хаягдал дугуйгаар тоглоомын талбайн дэвсгэр хийлгэж, хогоо хаянгаа тоглох шийд гаргаж, нарны эрчим хүчийг хурааж утсаа цэнэглэх цэгийг сургуулийнхаа гадаа байгуулсан байлаа. Хариуцлагатай байхын хүрээнд аймгийн төвд явж буй бүх нийтийн тээврийн автобусанд GPS суурилуулж, цахим платформ-д холбосон байлаа. Төрөл бүрийн хаягдлыг дахин сэргээж, хэрэглээнд нэвтрүүлж, Хаягдал цаасыг дахин боловсруулж худалдаанд гаргасан байв. Өмсөхөө больсон хуучин хувцсаа сургуульдаа өмсөх улавч эсвэл дахин ашиглах эд зүйлс болгосныг хараад залуучуудаа магтан сайшаав. Шалгаруулалтыг яаж явуулах вэ? Яаж дүгнэх вэ? гэдэг дээрээ хүртэл маргалдахад хүрэв. Эцэст нь онооны хамгийн том жинг баг тус бүрийн сошиал хандалт эзэлсэн. Дүү нараараа их бахархлаа эгч нь. Аливаа тэмцээн эхлээд дуусдаг, нэг нь түрүүлж, нэг нь удаалдгийг бид мэднэ. Гэхдээ аяны явцад өсөж, бууж байсан үе бүр нь ирээдүйд нь хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
- Өнгөрсөн 2 сар нэгийг бодуулж, 2-ыг ухааруулсан сар байлаа. Их л олон зүйлсийг ойлгож, өссөөр явна. Удахгүй хаврын чуулган эхлэх нь. Олборлох салбарын ил тод байдлын тухай, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тухай хуулиуд дээр ажиллах их ажил руугаа одоо гүн орж байна. Энэхүү мэдээллийг маань уншиж буй та бүхэн дээрх хуулиудтай холбоотой санал хүсэлтээ чөлөөтэй илгээж, хамтран ажиллахыг хүсье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа











