Жишээлбэл, өнгөрсөн жил зөвхөн шатахуун авахын тулд улс даяараа урт дараалал үүсгэж, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсон. Энэ нь манай улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, геополитикийн асуудалтай шууд холбоотой. Тийм учраас бензин шатахууны үйлдвэр барих ажлыг дорвитой хөдөлгөх шаардлага үүссэн. Санхүүжилтийг улсаас 100 хувь шийдэхгүй ч тодорхой хэмжээний төсвийг суулгаснаар урагшлах боломжтой юм. Мөн эрчим хүчний салбар хоёр хөршөөс хамааралтай байгаа нь улс орны хувьд ихээхэн хор хохирол учруулдаг. Иймдээ ч улсынхаа тусгаар байдлыг бэхжүүлэхэд энэ оны мега төслүүд чиглэж байна.
Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн удаашралын нэг шалтгаан нь хүн төвтэй бодлого хэрэгжүүлээгүйгээс болсон гэж судлаачийн хувьд дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, уул уурхай, эдийн засаг, гадаад харилцааг чухалчилж, иргэнийхээ асуудлыг хөшигний ард үлдээж ирсэн. Хүн төвтэй бодлого гэхээр иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийхийг хэлэх болов уу.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир:
Иргэд нь эрүүл байснаар өндөр боловсрол эзэмших суурь тавигдана. Өвчтэй байгаа хүн эрүүл болохыг хүсэхээс биш боловсролтой больё гэж бодох нь дараагийн асуудал болно. Харамсалтай нь өдгөө улсын хэмжээнд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, хорт хавдар, зүрх судасны өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг болжээ. Тэгэхээр бид хүн төвтэй байх бодлогоо цаашид зөв авч явах ёстой байх нь. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбараа нэн тэргүүнд бодолцож, шийдвэр гаргадаг байх зарчмыг баримтална.
Хоёрдугаарт, шинжлэх ухааны салбар хамгийн бага төсөвтэй. Гэтэл шинжлэх ухаан хөгжсөнөөр хүмүүс боловсролтой болно. Сургуулиудаар явж ажиллахад багш болох хүсэлтэй хүүхдүүд цөөрсөн байна. Тэд багшийн мэргэжил ямар ачаалалтай байдгийг 12 жил дэргэдээс нь хараад шантарч байгаатай шууд хамааралтай. Хүнд туслая гэвэл загас барьж өгөх биш, загас барих аргыг заах ёстой гэж үг байдаг. Тэгвэл загас барих арга нь боловсрол. Монголын залууст боловсрол, эрүүл мэнд хоёрыг өвлүүлчихсэн байхад бид байсан байгаагүй энэ улс орныг хөгжүүлж чадна. Залуу үе маань боловсролгүй, эрүүл мэндийн асуудалтай байгаад байвал би монголын ирээдүйд санаа зовсоор байна.
Эх сурвалж: