Үйл явдал1 мин унших
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй

Эх сайхан нутагтаа уугуул, ээлтэй улс орнуудад суугуул элгэн садан монголчууддаа эрхэм дээдсийн ёс заншил, эв эеийн бэлгэдэл болсон сар шинийн айсуй баярын мэндийг хүргэж гал морин жилдээ төрлөөрөө энх эсэн, хотлоороо амар амгалан байж, ажил үйлс нь өөдлөн дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ахмад буурлуудаа хүндэлж, айл гэрийнхээ голомтыг бадрааж, сайныг хэлэлцэн сайхныг ерөөдөг монгол түмний энэ их баяраар асрал нигүүлсэл, энэрэл уучлал хүн бүрийн сэтгэлд эгнэгт оршиж та бидний эв нэгдэл улам батжих болтугай.
Гал морин жил хөдөлмөр бүтээлийн онгод бадарч, бүтээн байгуулалт өрнөж, улс гэрийн урагшлах эрч нэмэгдэн монгол түмний хийморь сэргэдэг хэмээн бэлгэшээдэг билээ.
Энэ жил бид алтан аргамжаа уртасган бөхөлж, даян дэлхийн энх тайвны их үйлсэд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцан дээр Монгол Улсынхаа нэр хүндийг улам өндөрт өргөх болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
