Байр суурь2 мин унших
Б.Уянга: Аудитын дүгнэлт адилхан гараад байгаа нь ЗГ зөвлөмж дагадаггүй, дагаж буй эсэхийг нь ч хянадаггүйтэй холбоотой
УИХ-ын чуулганы /2026.03.31/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
2025 оны Засгийн газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийг ТББХ, ЭЗБХ-оор хэлэлцэх үеэр Монгол Улсад төсөв бүрдүүлж байгаа яамд, байгууллагуудын 2025 оны гүйцэтгэлийг асууж хариулт авсан. Үүнтэй холбоотой дүгнэлтийг нэгдсэн чуулган дээр хэлээд цаашид хэрхэх тал дээр санал солилцмоор байна. ЗГХЭГ боломжтой бол хариулаад өгөөрэй.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны гүйцэтгэл яагаад 50% хүрэхгүй байгаа шалтгааныг тодруулахад Үйлдвэр технологийн паркийн явц нь гүйцэтгэл хэмжих нэгж нь болчихсон байсан учраас хувийн хэвшлийн үйл ажиллагаатай холбоотойгоор үнэлгээ доош татагдлаа гэсэн.
Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамны хувьд төлөвлөгөөнд байсан үйл ажиллагаа нь төсөвгүй байсан. Боомтын сэргэлтийн үндэсний хороог дуудаад гарч ирсэнгүй. Үйл ажиллагаа нь юу болж буй бол?
Сангийн яам АХБ-ны санхүүжилтээр явуулж байгаа төслүүдийн хэрэгжүүлэгч байгууллага нь өөрчлөгдсөн учраас гээд бүх юм шалтагтай.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг асуухаар хийх ёстой 25 оны үйл ажиллагаан дээр хуулийн төслүүд бичээтэй байсан байгаа юм. Энэ нь тэдний буруу биш шүү дээ. Муу үнэлгээ авсан нь хуулийн төсөл нь батлагдаагүй буюу УИХ-тай холбоотой болчхож байгаа юм.
Тэгэхээр 2024 оны гүйцэтгэл орж ирж байхыг санахад ч тэр 25 оны энэ нөхцөл байдлыг дүгнээд хэлэхэд нийтлэг жишиг ажиглагдаж байгаа нь төсөв тавьж өгөхгүй байна, хууль батлагдаагүй, төлөвлөлтийн алдаа гарсан, хэмжих нэгж нь буруу байна, шалгуур үзүүлэлт нь тодорхой бус байна гэдэг зөвлөмжийг Үндэсний Аудитын газраас 24, 25 онуудад өгчээ. Тэгвэл үлдсэн 2 жилдээ яах вэ гэдгийг дүгнээд хэлчихмээр байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

