Байр суурь3 мин унших
О.Батнайрамдал: Татвар төлөгчдийн мөнгөнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд БЗС-аар дамжуулж буцалтгүй тусламж болж очдог. Үүнийг хэл амгүйгээр өгчхөж болдоггүй юм уу!
УИХ-ын чуулганы /2026.03.31/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Нэгдүгээрт, Хүний хөгжлийн бодлого тэр дундаа эрдэм боловсролтой Монгол хүн бодлогын хүрээнд биелэлт 82%-тай гэж гарчээ. Үүнийг үзэж байгаа аав ээж, оюутан суралцагчдаас асуумаар байна. Тухайлбал, Монгол хүн бэлтгэж байгаа энэ хөтөлбөр 82%-тай биелсэн гэж та бүхэн үзэх үү! Бид анги танхимын хүртээмж ярьж байтал дэлхий даяар боловсролын салбарыг хиймэл оюун тэр чигээр нь өөрчиллөө. Оюутан суралцагчдын боловсрол авах үйл процесс 2030 гэхэд танигдхааргүй болтол өөрчлөгдөнө. Харин бид анги танхимынхаа суралцагчдын хүртээмж ярьсаар л байгаа! Ийм том өөрчлөлт явж байхад бид татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулсан дээрээ 82%-тай гээд л өөрсдийгөө онгироогоод явж байх жишээний. Асуудлууд их байна!
Хоёрдугаарт, 2025 онд 158,4 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Энэ y, тухайн үедээ түүхэн хэмжээний том төсөв болсон. 158 тэрбум төгрөгийг бид хүүхэд залуучууддаа боловсролын боломж олгож төсөвлөсөн. 33,6 тэрбум нь эргэн төлөлтөөр явах байсан. Энэ сэдвийг хангалттай улс төржүүлж олон нийтийн хараанд авчирч өгсөн. Эргэн төлөлт сүүлийн 3 жилд 42 тэрбум болсон. Урьд өмнө нь нэг жилд 1-3 тэрбум эргэн төлөгддөг байсан. Хэн ч эргэн төлөлтийн араас хөөцөлддөггүй бүгд тэтгэлэг гээд ойлгочихсон. Тэгвэл 42 тэрбум эргэн төлөгдөж болдог юм байна. Энэ мөнгө тухайн жилүүддээ хүүхдүүдэд боловсролын боломж болоод очсон. Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл ялгаатай буюу ардын хүүхдүүдийн мэдээлэл оччихоод, даргын хүүхдүүдийн мэдээлэл явдаггүй байсан. 14 мянган хүүхдийн мэдээлэл очсоноос хойш эргэн төлөлт огцом сайжирсан.
Гэтэл одоо Монгол банкны зээлийн мэдээллийн санд явж байгаа зарим хүүхдүүдийн мэдээлэл дундаасаа алдардаг. Ийм нэг л жишээ гаргаж ирвэл 154 мянган суралцагч аав, ээжтэй нь хамт гарна шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хамгийн ёс зүйтэй хөрөнгө оруулалт нь боловсролын боломж байдаг. Тэгэхээр энэ асуудлыг хатуу ярина шүү! Монгол банк руу хүүхэд ялгахгүйгээр зээлийн мэдээллийн санд бүгдээрээ очих ёстой! Үүн дээр хариулт авъя.
Эргэн төлөлт сайжрахгүй бол 2026 оны төсөв дээр 145 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөр боловсролын боломж болж очно. Энэ эргэн төлөлтийг хэрхэн хийхээр төлөвлөж байна?
Надад ирээд салдаггүй нэг гомдол байна. Энэ нь Татвар төлөгчдийн мөнгөнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсролын зээлийн сангаар дамжуулж буцалтгүй тусламжаар боловсролын боломж болж очдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын боловсролтой хүн болохын төлөө илүү урт замыг туулдаг. Надад ирсэн мэдээлэлд 2025 онд ердөө зургаахан хүүхэд л авч. Тухайлбал 158 тэрбум төгрөгөөс 24 сая төгрөг л очсон байна. Өмнөх жил нь ердөө хоёрхон хүүхэд буюу зургаахан сая төгрөг авч. Ийм байлгамааргүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд буцалтгүй тусламж болж очдог. Энэ дээр квот гэж байхгүй. Үүнийг хэл ам болголгүйгээр хүүхдэд яагаад өгчхөж болдоггүй юм. Тайлбар өгнө үү!
Татвар төлөгчдийн мөнгөнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсролын зээлийн сангаар дамжуулж буцалтгүй тусламж болж очдог. Үүнийг хэл амгүйгээр өгчхөж болдоггүй юм уу!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

