Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Бид бодлогын арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд 19 мянган багшийн хомсдолд орох аюул нүүрлээд байна!
УИХ-ын чуулганы /2026.03.31/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Тайлан бол хариуцлага тооцох гол механизм юм.
салбар салбарын үр дүн их тааруу гарчээ. Энэ үр дүнд үндэслээд ямар хариуцлагын тогтолцоо байдаг вэ? гэж Ерөнхий сайдаас асууя. Гүйцэтгэлийн хариуцлага тооцож явж чадахгүй л бол ажил урагшлахгүй.
1. Хүний хөгжлийн индекс 193 орноос 96-д байснаас 95-д орно гэж зорилго тавьсан ч 104-т орж хойшилжээ. Хэдий хойшилчон ч хүний хөгжлийн чиглэлд арга хэмжээ авсны үр дүнд эерэг нөлөө гарлаа гэж бичээд сууж байгаа нь юу гэсэн үг вэ? Үүнээс ичихгүй юу? "Эерэг" гэдгийн оронд ямар асуудал болсныг тайлбарлах нь зүйтэй.
2. Чанартай боловсролын индексийн үзүүлэлтийн хувьд 14,5-13,6 болж буурсан. Үүний гол шалтгааныг үзэхэд та юу гэж үзэж буй талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаас асууя!
3. Шинэ ЗГ байгуулагдаж буй учраас цаашид авах арга хэмжээтэй холбоотой бодит асуулт асууя гэж бодож байна.
2024 оны аравдугаар сарын байдлаар 4200 багш дутагдалтай гэж зарлаад 2025 онд 5 мянга болжээ. Багшгүй болох бодит аюул нүүрлэсэн. Багш нар ажлаасаа их хурдтай гарч байна. Багшийн ажлаас гарах хурд нэмэгдсэн судалгаа гарсан. Бодлогын ямар арга хэмжээ авч байна вэ?
Ажлын хэсгийн ахалж буй хүний хувьд судлаачдаар судалгаа хийлгэхэд 2030 он гэхэд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 19 мянган багшийн дутагдалд орох гээд байна. Бид сургууль шинээр барих зорилт тавьсан. Тэгэхээр энэ 19 мянгыг тоогоор бус чанарын хувьд бүрдүүлэх шаардлага байгаа юм.
Би гишүүн болсноор энэ хомсдолын талаар Боловсролын яаман дээр очиж хэлээд бодлогын 4 арга хэмжээ авахыг санал болгосон. Гэтэл дорвитой ямар ч арга хэмжээ аваагүй. Хуруугаа ч хөдөлгөөгүй. Ирэх жил хэрхэхийг мөн ТНБ-ээс асууя.
Саяхан ЭЗХЯ-нд 2027 оны хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэгдэж буй учраас багшийн тоон болон чанарын хомсдлыг арилгах бодлогыг төсөл, хөтөлбөртэй нь явуулсан. Энэ бичгийн н.Батхүү ТНБ хүлээж авсан уу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

