#Коммент3 мин унших
Ардчилсан нам жинхэнэ утгаараа сөрөг хүчин болсноо батлав

Монголын парламентад сүүлийн 10 жилд гараагүй босоо байгаа МАН-аас хариуцлага нэхэх ганц сөрөг хүчин бол Ардчилсан нам. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хамтарсан засагт багтсан, эсвэл дотроо хагаралтай нам УИХ-д сөрөг хүчин хийх хангалттай суудал авч чаддаггүй байсантай холбоотой. Тэгвэл 2024 оны сонгуульд чамгүй сайн оролцож 42 суудлыг авч чадсан. Харин өнгөрсөн жилийн хавар Л.Оюун-Эрдэнийн засгийн газар унасны дараа засгаас гарч дахин хамтрахгүй хэмээн улстөрийн мэдэгдэл хийсэн. Түүнчлэн үргэлжлүүлэн өөрсдийн намын их хурлаа хийж даргаараа О.Цогтгэрэлыг сонгосон. Үүнээс хойш УИХ дах ардчилсан намынхан сэргэсэн үү гэлтэй сөрөг хүчний байр сууриа хангалттай сайн биш ч зохих хэмжээнд нь барьж байгаа. Харин хаврын халуухан улстөрийн зодоонд одоогоор АН илт давуу ялж байна гэлтэй.
Учир нь УИХ-ын дарга Н.Учрал эрх баригч МАН-ын даргын албыг хашиж байгаа нь олон намаас бүрдсэн парламентын мөн чанарт харшилж байна гэж АН-ын бүлэг үзэж, эрх баригч намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлэх ёстой гэсэн зарчмын байр суурь тавьсан. Үүнтэй холбогдуулан тус эсэргүүцлыг хүлээн авах хүртэл УИХ дахь АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймдээ ч хаврын чуулган товлосон хугацаандаа эхэлсэн ч ирц бүрдэхгүйн улмаас хоёр долоо хоногийн хугацаанд саатсан.
Арчилсан намын тавьсан гол үндэслэл нь:
● Парламентын бие даасан байдал: УИХ бол зөвхөн олонхын шийдвэрийг батлах "тамганы газар" биш, харин олон намын төлөөлөл бодлогоо уралдуулдаг мэтгэлцээний талбар байх ёстой. Намын дарга хүн спикерийн албыг хаших нь цөөнхийн дуу хоолойг боомилох эрсдэлтэй.
● Хяналт-тэнцвэрийн зарчим: Гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагын зааг ялгаа тодорхой байх нь ардчиллын амин сүнс
АН-ын зүгээс энэхүү акцыг зөвхөн нэг албан тушаалтны эсрэг бус, сүүлийн 10 жилийн засаглалын бүтцийн эсрэг хийж буй тэмцэл гэж тодорхойлсон. 2016 оноос хойш нэг улс төрийн хүчин дангаар ноёрхсон нь бодлогын хяналтгүй байдал, авлигыг системийн хэмжээнд хүргэсэн "бүлэглэлийн" засаглал, төрийн албаны мерит зарчим алдагдсаны гол шалтгаан болсон гэж үзэж байна. Харин АН-аас эхлүүлсэн улстөрийн энэхүү акц нь амжилттай болж эрх баригч намын удирдах зөвлөлийг амралтын өдрүүдээр хуралдахад хүргэв. Үр дүнд МАН-ын томчууд хурлаа хийж Г.Занданшатар Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжин Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжлээ.
Ингэснээр:
- Эрх баригч намын дарга нь гүйцэтгэх засаглалаа шууд удирдан чиглүүлж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд 100% хариуцлага хүлээх "сонгодог" загварт шилжиж байна.
- УИХ-ын даргын суудлыг зааглах: УИХ-ын дарга нь намын эрх ашгаас дээгүүр, парламентын тэнцвэрийг хангагч байх суурь нөхцөл бүрдлээ.
- Энэхүү үйл явдал нь сөрөг хүчний зүгээс бодлогын болон тактикийн хувьд эрх баригчдад нөлөөлж чадсан эхний "ялалт" болж үлдлээ.

Нэмээд хэлэхэд энэхүү шийдвэр нь Монголын улс төрд "Зарчим бол хувь хүнээс дээгүүр" гэдгийг харуулсан дохио болж, УИХ дотор эрүүл мэтгэлцээн өрнөх, хууль тогтоох байгууллага Засгийн газартаа бодит хяналт тавих боломжийг нээж өгч байна. АН онц байна.
Сэтгүүлч Уугантуяа
