Үйл явдал2 мин унших
Б.Найдалаа: Эрчим хүчний салбар өдөр бүр нээлттэй ажиллана

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Эрчим хүчний нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Тус өдөрлөг 9-11- ний хооронд гурван өдөр үргэлжилсэн бөгөөд эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа юм.
Өдөрлөгийн үеэр Эрчим хүчний шинэхэн сайд Б.Найдалаа үг хэллээ. Тэрбээр “Надад бэлдсэн үг байна. Гэхдээ би та бүхнийг, салбараа, өнөөдрийн өдрийн цаг агаарыг хараад бэлдсэн үг биш. Өөрийн сэтгэгдлээ хэлье.
Өнөөдөр нээлттэй өдөрлөг. Эрчим хүчний асуудлыг иргэд хэзээ мэддэг вэ гэхээр тог тасрахаар, осол аваар болохоор, цахилгааныхаа мөнгийг төлөх болохоор, дулаан алдагдахаар мэддэг. Бид хамтдаа нээлттэй болох хэрэгтэй байна. Өөрсдөдөө нээлттэй, иргэддээ нээлттэй, УИХ-ын гишүүд, Засгийн газартаа нээлттэй, хэн бүхэнд нээлттэй баймаар байна. Нээлттэй байж хөгжил ирнэ. Энэ бол Эрчим хүчний яамны баримтлах үндсэн нэг зарчим байх юм. Олон жилийн турш Монгол Улсын гал голомтыг сахисаар ирсэн, уйгагүй хөдөлмөрч салбарынхандаа баяр хүргэе. Маш хүнд ажил.
Эрчим хүчний салбар санхүүгийн хүндрэлд байгаа нь үнэн. Техник, технологийн шаардлага байгаа нь үнэн. Ийм байхад салбарынхан маань" ган хийхгүй, ёо гэхгүй" ажилласаар байгаа нь үнэхээр гайхалтай. Онцгой нөхцөлд хэвийн мэт ажиллаж байгаа нь нэг талаараа гайхамшиг боловч нөгөө талаасаа бид ингэж удаж болохгүй. Санхүү хөрөнгө оруулалтын өр, төлбөрийн асуудлыг яаралтай шийднэ. Хамгийн чухал нь өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангах ёстой. Хамтын хүчээр төсөв санхүүг нь шийдээд, салбарынхаа үр ашигт байдлыг дээшлүүлээд даалгавраа сайн биелүүлээд ирэх өвлийг ямар ч асуудалгүй давах ёстой. Үүний төлөө хичээн ажиллана.
Мөн бодлогын чанартай асуудал байна. Салбарт 17 мянган хүн ажиллаж байна. Хүний нөөцийн бодлогыг сэргээж ажиллана. Монгол Улс асар их нөөцтэй. Судалгааг нь хийсэн шиг хийе. Зорьсон бол зорьсон шиг зоръё. Технологи хөгжөөд шинэ эх үүсвэрүүд, шинэ үр ашгууд бий болж байна. Үүнийг яагаад Монголд аль болох хурдан нутагшуулж болохгүй билээ.
Үнэ тарифын асуудал байна. Сайн ажиллахын тулд санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэй. Үр ашгаа дээшлүүлэх нь эрчим хүчний яам, сайдын, энд зогсож байгаа мэргэжилтэн болгоны ажил байх ёстой. Үүнийг бодлогын түвшинд тавина. Арга, аргачлал бий. Үүнийг хийж чадна. Чухал ажил байх юм" хэмээв.