Сурвалжлага7 мин унших
Б.Цэнгэл: ТӨХ байгуулагдсаны 30, өмч хувьчлалын 35 жилийн ойн хүрээнд эрх зүйн шинэчлэлийг амжилттай хийх нь нэн чухал!

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, улсын үзлэг, тооллогын ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орон нутгийн өмчийн харилцаа, улсын үзлэг, тооллого” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллагуудын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцож, орон нутгийн өмчийн харилцааны өнөөгийн нөхцөл байдал, улсын үзлэг, тооллогын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, цаашдын үйл ажиллагааны чиглэл, зөвлөмжийг танилцууллаа.
Улаанбаатар хотноо 2026 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас жил бүр төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны удирдах болон гүйцэтгэх хүмүүсийг цуглуулж гүйцэтгэлийн тайлан, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлууд гэх мэт олон чухал асуудлаар санал солилцдог. Энэ жилийн тухайд Засгийн газрын шийдвэр гарч дөрвөн жил тутам явагддаг төрийн өмчийн тооллогын ажил эхлээд байна. Үүнтэй холбогдуулаад бид тооллогыг орон даяар хэрхэн, яаж зохион байгуулах вэ гэдэг ерөнхий нэгдсэн семинарыг өгч байгаа юм. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ТӨК-ийн засаглал, бүтээмж, ил тод байдлын тухай анхдагч хууль УИХ-аар хэлэлцэгдэхээр өргөн хэлэлцүүлэг явагдаж байгаа. Энэ хүрээнд бид орон нутгийн өмчийн байгууллагад ажиллаж байгаа, өмчийн харилцааны гол асуудлыг хариуцан ажиллаж буй хүмүүсийн дунд хуулийн төслийн хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод Улсын Их хурлаас томилогдсон ажлын хэсэгтэй хамтарч зохион байгуулж байна. Тиймээс энэ удаагийн сургалт семинар өндөр ач холбогдолтой хэмээн харж байна. Нөгөө талдаа бид өмчийн харилцааны бүхий л мэдээллийг мэдээллийн нэгдсэн системд оруулах ажлыг идэвхтэй явуулж байгаа.Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем ашиглалтад ороход бэлэн болоод байна. ТӨБЗГ нийтдээ 7000 гаруй байгууллагатай өмчийн асуудлаар өдөр тутам харьцдаг. Үүнд төрийн байгууллага, төрийн өмчит байгууллага, төрийн өмчийн оролцоотой байгууллагууд хамаардаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем бий болсноор өмчийн харилцаатай холбоотой мэдээллүүд ил тод, нээлттэй, түргэн шуурхай болно.
Нөгөө талдаа өмчийн асуудлаар холбогдож ажилладаг эрх бүхий байгууллагууд болох газрын харилцаа, улсын бүртгэлийн байгууллага, АТҮТ, Сангийн яам, татварын байгууллага, нийслэл дүүргүүд энэхүү цахим системтэй холбогдож нэгэнт цул болж ажиллах нь маш том давуу тал гэж ойлгож болно.
Төр өмчөө хянадаг эргээд өмчийн ашиглалтыг сайжруулдаг механизмтай. Энэ механизмыг ТӨХ буюу төрийн өмчийн онцгой зөвшөөрөлтэй газар хуулийнхаа чиг үүргээр зохион байгуулж ажилладаг. Өмнөх тооллогын дүнгээр төрд ойролцоогоор 120 гаруй их наяд төгрөгийн өмч, хөрөнгө бүртгэлтэй байна. ТӨБЗГ-аас эдгээр өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулахад гол зорилгоо болгож ажиллаж байна. Ашиглалт олон янзаар хийгддэг. Ингэхдээ илүүдэл хөрөнгийг бусдад шилжүүлэх, түрээслүүлэх мөн ашиглалтын шаардлага хангахгүй байгааг актлах зэргээр өмчийн ашиглалтыг эдийн засгийн хэрэглээнд оруулах замаар чиг үүргээ хэрэгжүүлж байна. Түүнчлэн өмчид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг тогтмол хийж байна.
Өмчийн ашиглалт хангалтгүй байна. Тухайлбал төр өөрийн илүүдэл зай талбайг бусдад түрээсэлж байна. Хот болон орон нутагт харилцан адилгүй үнийн тарифтай. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагууд, төсөвт байгууллагууд бусдаас талбай түрээсэлдэг. Ингэхдээ 40 гаруй тэрбум төгрөгийг бусдаас талбай түрээслэхэд зарцуулж байна гэсэн судалгааны дүн мэдээ байна. Нэг ёсондоо ТӨБЗГ-аас тогтоосон хязгаараас илүү үнээр бусдаас талбай түрээсэлж байна. Энэ үрэлгэн байдлыг бид зохицуулах ёстой! Энэ хүрээнд Шинжлэх ухааны академи /ШУА/ төвлөрсөн цогцолборт нүүж орж байгаа учраас ШУА-ийн харьяа объектууд суларч байгаа. Энэ суларч буй объектуудад төрийн өмчит компаниудыг оруулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
ТӨХ байгуулагдсаны 30 жил, өмч хувьчлалын 35 жилийн ойн хүрээнд эрх зүйн шинэчлэлтийг амжилттай хийх нь нэн чухал!
Төрийн өмчийн хороо /ТӨХ/ анх 1996 онд байгуулагдсан. Тэрнээс хойш 30 жилийн нүүрийг үзэж байна. Мөн 35 жилийн өмнө өмч хувьчлал Монголд Улсад эхэлж байсан. Өмч хувьчлалын үр дүн дээр олон нийт болон эрдэмтэн, судлаачид олон талын байр суурь илэрхийлдэг. Өмч хувьчлал тийм ч сайн яваагүй, маш олон алдаа дутагдал зөрчил гарсан ч гэж ярьдаг. Бэлтгэл ажлыг сайтар хангаагүй, судалгаа тооцоо муутайгаар эхлүүлсэн зүйлс байсныг үгүйсгэх аргагүй! Гэхдээ өмч хувьчлал Монголд Улсад өрнөснөөр хувийн өмч гэдэг том статусыг бий болгосон, иргэн өмчтэй болсон, орон сууцад амьдарч байсан иргэд нь түүнийгээ хувьчилсан, малчид малаа өөрийн өмчлөлд шилжүүлж авсан гэх мэт эерэг зүйлс ч бий. Өөрөөр хэлбэл өмч хувьчлал нь зах зээлийн эдийн засгийн үндэс суурийг тавьсан.
ТӨХ байгуулагдсан цаг үед Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль анхлан батлагдаж байсан түүхтэй. Энэ маань үндсэндээ гучаад жилийн насжилттай хууль болчхоод байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өнөөдрийг хүртэлх хугацаанд 20 гаран удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Гэхдээ энэ нь бусад хуулийг дагаж орсон жижиг өөрчлөлтүүд байсан. Өөрөөр хэлбэл цаг үе болон нийгмийн шаардлага дагасан өөрчлөлтүүд уг хуульд төдийлөн орж чадаагүйн дээр өнөөгийн нийгмийн харилцаанаас хоцрогдоод байгаа нь нууц биш. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно. Нөгөө талдаа ТӨК-иудыг алдагдалтай, ашиггүй ажиллаж байна, улс төрийн байгууллага болж хувирлаа ч гэж ярьдаг. Үүн дээр тодорхой хэмжээний реформ хийх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд эрх зүйн орчноосоо эхлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд байгаа төрийн өмч, компанитай холбоотой заалтууд, компанийн тухай хуульд байгаа заалтуудыг эргэж харах шаардлага байна.
ТӨБАХ-ийн дарга Д.Нарангэрэл:
Энэ удаагийн тооллогод 7 мянга орчим төрийн болон орон нутгийн өмчтэй байгууллагууд хамрагдана. Байгууллагууд гэдэгт жижиг орон нутаг хөгжүүлэх сангаас авхуулаад томоохон уул уурхайн компани буюу төрийн болон орон нутгийн өмч дээр суурилсан байгууллагууд хамрагдана гэж ойлгож болно. Үүний дийлэнх нь буюу 5900 орчим нь орон нутгийн өмч байдаг. Орон нутгийн өмч гэдэг нь төрийн өмчөөс гадна аймаг, нийслэлийн өмчид байгаа хөрөнгүүд багтдаг. Энэ удаагийн тооллогын онцлог нь төрийн болон орон нутгийн нэгдсэн цахим системийг ашиглаж байгаад оршиж байна. Хөрөнгийг тоолоход ашиглалт, чанар байдал, үнэ өртөг, тоо хэмжээ гэх мэт хэмжилтүүд хийдэг. Энэ удаагийн тооллогод Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 2-3 төрлийн судалгаануудыг нэмж оруулсан. Тэрхүү судалгаа нь төрийн байгууллагуудын нэр дээр эзэмшиж, ашиглаж байгаа газруудаас газрын гэрчилгээгээ авчихсан мөртөө ашиглахгүй байгаа газруудыг авч, хэрэгцээтэй газар нь шилжүүлэх чиглэл гарсан.
Тооллогод Монгол Улсын хэмжээнд буй төрийн болон орон нутгийн өмчтэй 60 гаран мянган барилга, 40 гаран мянган тээврийн хэрэгсэл хамрагдана.
Иймд нэгдүгээрт, ашиглахгүй байгаа сул газруудын тооллогыг явуулна. Мөн ашиглахгүй байгаа барилга байгууламжуудын судалгаа, ашиглахгүй байгаа хөрөнгийн судалгааг ч гаргана. Ингэснээр ашиглахгүй байгаа хөрөнгөд төрийн байгууллагуудыг байршуулахаас гадна, худалдан борлуулах арга хэмжээг авч, ашиглалтыг сайжруулах зорилго тавьж байгаа. Нэг үгээр хэлбэл, ЗГ-аас өгсөн чиглэлийн дагуу сул байр, талбайн тооллого явуулна гэсэн үг. Өмнөх тооллогын дүнгээр газраа баталгаажуулаагүйгээс үүдсэн маргаан, газраа хувийн хэвшилд салгаад өгчихсөн, газар дээрээ хувийн хэвшлийн барилга бариулсан гэх мэт зөрчлүүд ихээр гарч байсан. Энэ зөрчлүүдийг бид энэхүү тооллогоор шалгана. Мөн дутагдсан, хулгайлагдсан, шатсан гэх мэт шалтгаанаар байвал зохих үлдэгдлээс байхгүй байгаа хөрөнгүүдийг гаргаж ирнэ. Хоёрдугаарт, ашиглалтын шаардлага хангахгүй буюу хүн байрлаж үйл ажиллагаа явуулах боломжгүй барилгуудын судалгааг гаргана. 2026 оны төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллогыг ҮСХ-ноос баталсан маягтын дагуу хийх бөгөөд үр дүнг УИХ, ЗГ-т цаашид авах арга хэмжээний саналуудтайгаа танилцуулах юм.
Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга А.Ганхуяг:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар дөрвөн жилд нэг удаа төр өмчөө тоолдог. 2026 оны төрийн болон орон нутгийн өмчийн улсын бүртгэлийн тооллогын ажил эхэлсэнтэй холбогдуулан миний бие Архангай аймгаас өнөөдрийн үйл ажиллагааг зорин ирж, мэдээллээ аваад явж байна. Архангай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 240 орчим байгууллага тооллогод хамрагдахаар байна. Нэгдүгээрт, энэ тооллогын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем хэрэгжиж эхэлж байгаа. Хоёрдугаарт, энэ жилийн тухайд шинэ цахим системийн хүрээнд тооллогын ажил явагдах гэж байгаагаараа онцлог гэж харж байна.
Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батжаргал:
Төв аймгийн хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар 349 байгууллагын 540,7 тэрбум төгрөгийн хөрөнгө тоологдсон. Өнгөрсөн жилүүдийн тухайд тооллого хийхэд тулгамдаж буй асуудлууд цөөнгүй гарч байсан. Харин цахимжсанаар маш олон давуу талыг бий болгож байна. Нэг ёсондоо, тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь тухайн хөрөнгийнхөө чанар, биет байдлыг 4 талаас фото зургаар баримтжуулж мэдээллийг цахимд оруулж байгаа учраас харьцангуй зөрчил багассан. Ер нь эд хөрөнгийн бүртгэлийг цахимаар хийхийн давуу тал их байна. Тухайлбал, түргэн шуурхайн дээр зардал, цаг хугацаа хэмнэж байна. Мөн цахимжсанаар тухайн хөрөнгийн бодит мэдээллийг орон зайнаас үл хамаарч чанар байдлыг хэмжих боломж нээгдсэн юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
