Үйл явдал1 мин унших
Санхүүгийн салбарынхантай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.05.18/ санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Сангийн яам, гааль, татвар, даатгал, Хөрөнгийн бирж, Хилийн боомт, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг нээн Сангийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ дотоод, гадаад олон сорилт тулгарч байгаа ч макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалан, инфляц буурч, төсвийн тэнцэл эерэг гарсан нь төсөв, санхүүгийн сахилга баттай бодлогын үр дүн гэдгийг тодотголоо. Тэрбээр, цаашид төсөв, санхүүгийн сахилга батыг бэхжүүлж, төсвийн тэнцвэр, өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн баазыг өргөжүүлэх, татварын орлогын тогтвортой эх үүсвэрээ бэхжүүлэхэд анхаарна гэв. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүд нь зөвхөн нийгмийн бодлого бус, эдийн засгийн стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг тэрбээр онцоллоо.


Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба