
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнтэй цөөн хором ярилцлаа.
Өнөөдөр парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал ямар түвшинд байна вэ?
- Өнөөдөр таван намын төлөөлөл болсон 126 гишүүн Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байна. Гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд авч үзэх нь зүйтэй юм. Тус дүрмээр УИХ-ын гишүүн Нэг,нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэх; Хоёр,төрт ёсны түүхэн уламжлалыг хүндэтгэх; Гурав, үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахих; Дөрөв, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; Тав, биеэ авч явах, шударга зан үйлээрээ үлгэр дуурайл үзүүлэх гэсэн таван зарчмыг баримталж ажиллах шаардлагатай. Ерөнхийдөө УИХ-ын гишүүд ёсзүйн дүрмийн эхний дөрвөн шаардлагыг сайн хэрэгжүүлж ажиллаж байна гэж хардаг. Харин тав дахь шаардлагын тухайд дор бүрнээ хичээж анхаарах зүйл байна.
Ёс зүйн дүрмээр асуудлыг шийдвэрлэх нь хангалттай юу?
Би 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны он солигдох босгон дээр Ёс зүйн дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. 2025 оны 8 сард УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж Ёсзүй дэгийн байнгын хорооны статустай байсныг Ёсзүйн дэд хороо болсон байдаг. Дэгийн асуудал хариуцахгүй, зөвхөн гишүүдийн ёсзүйтэй асуудлыг хамаарах болсон. Энэ ч оносон шийдвэр гэж боддог. Гэхдээ хууль, дүрэм, зохицуулалт нь хуучнаараа байгаа, үүнийг шинэчлэх шаардлага байгаа.
Одоогийн ёс зүйн хууль, дүрэм нь ёс зүйн зөрчил гарсан эсэхийг тогтоох, хариуцлага хүлээлгэхэд түлхүү чиглэлтэй байдаг. Өргөдөл, гомдол ирсэн тохиолдолд асуудлыг хянан шалгаж, дүгнэлт гаргадаг. Олон нийтийн анхаарал татсан асуудал үүсээд байхад санаачилгаараа шалгаж, дүгнэлт гаргах боломж эрх зүйн зохицуулалтаараа байхгүй.
Иймээс УИХ-ын даргын 231 дүгээр захирамж сая гарч Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийн санал боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Энэ ажлын хэсгийг ахалж байна.
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн
Ёс зүйг хуульчлах шаардлагатай юу?
Ёс зүй бол зөв гэж юу болох тухай ойлголт бөгөөд түүний дагуу ажиллаж, амьдрах тухай сургаал юм. Антропологийн шинжлэх ухаан, соёл судлалын талаас авч үзвэл нийгэм олон янзын соёлоос бүрддэг. Хүн бүр ямар нэг соёлыг тээгч учраас үнэт зүйл, хүмүүжлээрээ ялгаатай. Юуг зөв гэж үзэх нь ч ялгаатай. Энэ утгаараа ёс зүйг хуульчилж, нэг загварт оруулах боломжгүй гэж үзэх байр суурь бий. Гэсэн хэдий ч аливаа улс оронд ёс уламжлалаар нь тогтсон нийгмийн харилцааны нийтлэг хэм хэмжээ гэж бий.
Тэр тусмаа ард түм эн, улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавих төрийн албан хаагчид, төрийн түшээдийн хувьд ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг тодорхой хэмжээнд хуульчлах шаардлагатай гэж үздэг. Төрийн албанд ажиллаж байгаа хүн бүр хувь хүний сонирхлоосоо илүү улс орон, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавих үүрэгтэй. Энэ үүрэгтээ үнэнч байх ёстой. Энэ бол төрийн албаны ёсзүйн үндсэн зарчим юм. Ийм зарчмыг хуульчилж байж, мөрдүүлнэ, хэвшүүлнэ, энэ соёлыг бүрдүүлнэ.
Төрийн албан хаагчдын ёс зүйн онцлог юу вэ?
Төрийн албан хаагч үндсэндээ амин хувийн эрх ашгаа хойш тавиад улс орон, ард түмнийхээ төлөө зүтгэхдээ олон ч эрхээ хасуулдаг талтай. Үг хэлэх үзэх бодлоо илэрхийлэхгүй, ашиг олох үйл ажиллагаа эрхлэхгүй гээд улс төр, эдийн засгийн олон эрх нь хумигддаг. Үүнийг ямагт санаж ажиллах ёстой болдог. Үүнээс гадна ажил мэргэжлийн онцлогоос хамаараад жишээ нь эрүүл мэнд, боловсрол, хууль шүүхийн байгууллагын ёс зүйн шаардлага өөр өөр байгаа.
Гэхдээ төрийн албанд ажиллаж буй бүх хүн нийтлэг ёс зүйн зарчмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Иймээс тэд ажил дээрээ ч, ажлын бус цагаар ч төрийн албаны нэр хүндийг хамгаалж, нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх үүрэгтэй. Ялангуяа хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж буй УИХ-ын гишүүдийн хэлж буй үг, гаргаж буй санал, илэрхийлж байгаа хандлага байр суурь нь улс орны ирээдүй, хөгжлийг бодож тунгаасан байх шаардлагатай юм даа гэж боддог.
Олон намын тогтолцоотой манай улсад парламентын улс төрийн соёл тун чухал. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
2024 оны сонгуулиар парламентад улс төрийн таван хүчний төлөөлөл сонгогдон ажиллаж байна. Бүх нам улс орноо хөгжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулах зорилготой, гагцхүү түүндээ хүрэх арга зам, бодлогоороо ялгаатай. Тийм учраас парламентад байр сууриа хамгаалан мэтгэлцэх нь их байх тусам оновчтой шийдэлд хүрнэ.
Долоо хэмжиж нэг огтол зарчмаар ажиллана. Энэ үед парламентын гишүүдэд бусдын үгийг хүлээцтэй сонсож, өөрийн бодлыг тулгалгүй бусдын үгнээс зөв зүйтэй зүйлийг олж харж, бие биенээ харилцан хүндэтгэж ажиллах улс төрийн наад захын соёл хэрэг болно. Үүнээс гадна аливаа асуудлыг шийдэх нь бидний үндсэн зорилго. Улс төрийн намуудын хоорондох өрсөлдөөн бол гуравдахь дөрөвдэх асуудал баймаар. Хөгжлийн асуудал, амьдарлаа өөд татах нь хамгийн нэн тэргүүний асуудал. Үүнд хүчээ зориулмаар байгаа юм.

Би Монгол Улсын төрт ёсны түүхэн уламжлал аль эрт МЭӨ III зуунаас Хүннү гүрнээс эхтэй гэж үздэг. Төрт ёсны 2200 гаруй жилийн түүхэн уламжлалтай энэ улс орны төрийн гал голомтыг сахилцан, төр түшилцэж яваа УИХ-ын гишүүд бол энэ түүхээ үргэлжлүүлж, өвлүүлэх эрхэм чухал үүрэг хүлээсэн хүмүүс. Энэ төрийн гал голомтыг улам өнгөтэй өөдтэй, тогтвортой байлгах үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах учиртай. Ийм учраас бид алдах эрхгүй хүмүүс. Чуулганы танхимд бид нарын хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа шийдвэр зөвхөн энэ цаг үеийн асуудал биш урт түүхийн үргэлжлэл, залгамжлал гэдгийг ямагт ухамсарлаж явах ёстой гэж би хувьдаа бодож хичээж явдаг.