• logo
  • search
    user

Г.Уянгахишиг:

“Явган хүний эрх нэн тэргүүнд" зарчмыг Ажлыг хэсэг удирдлага болгосон

2026.06.09
4 мин унших
Уянгахишиг Гончигдорж

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах өөрчлөлтийг хийхээр бодлого тодорхойлогчид ажиллаж байна. УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээр ахлуулсан Ажлын хэсэг скүүтер, мопед түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг УНАДАГ ДУГУЙ, сурроныг МОТОЦИКЛТЭЙ ижил Замын хөдөлгөөний дүрмээр зорчих өөрчлөлтөөс гадна ямар шинэ зохилцуулалтууд хуулийн төсөлд тусгасныг тодрууллаа.

-Өнгөрсөн 7 хоногийн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийлээр. Хууль батлагдчихсан уу? 

-Хараахан үгүй. Уг хууль болоод дагалдах Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт энэ 7 хоногийн Пүрэв гарагийн чуулганы товд орж, 64-өөс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд эцэслэн батлагдана. Зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд эцсийн байдлаар бэлэн болсон гэсэн үг.

-18-аас доош насны хүн скүүтер, суррон, мопед унавал эцэг, эхийг нь Зөрчлийн хуулиар 200 мянган төгрөгөөр торгох асуудал нийгэмд талцал үүсгээд байна. Үүний үндэслэлийг тодорхой тайлбарлавал?

-Үүнтэй холбоотой 2 зохицуулалт орж ирсэн. Түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч ААН-үүд 18 нас хүрээгүй хүн жолоодохгүй байх техникийн нөхцөлийг хангах үүрэгтэй. Энэ үүргээ зөрчвөл хариуцлага хүлээнэ. Эдгээр тээврийн хэрэгслийг ашиглахдаа аппликэйшнээр бүртгүүлдэг. Ингэхдээ E-Mongolia-аар дамжуулан 18 нас хүрснээ баталгаажуулна. Хэрэв аав ээжийнхээ бүртгэлийг ашигласан бол эцэг эх хянах  үүргээ биелүүлээгүй гэж үзэн Зөрлийн хуулиар 200 мянган төгрөгөөр торгуулна. Түрээсийн бус хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналт, хариуцлагыг мөн л эцэг эхчүүд хүлээхээр байгаа. Харин насанд хүрсэн эсэхийг баталгаажуулах технологийн нөхцөлийг хангаагүй тохиолдолд түрээслэгч хариуцлага хүлээн 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай болж байна.

-Ажлын хэсгээс түрээсийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах  тухай шинэ зохицуулалт оруулж ирсэн нь ААН-үүдийг хариуцлагажуулахаар зорьж байгааг илтгэж байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Эзэн биетэй ярих ёстой болно. Хууль санаачлагчийн түвшинд энгийн зөвшөөрлийн зохицуулалт орж ирсэн. Өнөөдөр бид Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, түүнийг дагасан Зөвшөөрлийн хуулийг хэлэлцэж эхэлнэ. Төрөөс баримталж буй үндсэн зарчим бол зөвшөөрлийн тоог цөөлөх, зах зээлийн зарчмаар өрсөлдөх боломжийг олгоход чиглэж байна. Энэ утгаараа түрээсийн үйлчилгээ эрхэлж буй субьектүүдийг хариуцлагажуулахын тулд бүртгүүлэх шаардлага бий болсон. 

Нийслэлээс Бүртгэлийн систем бий болгосноор өнөөдрийн байдлаар 13000 энэ төрлийн тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна.

Системд эзэмшигчийн нэр, техникийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн дугаар бүртгэгдэнэ. Ингэснээр хэн хариуцлага хүлээх, техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан эсэх, хэрэглэгч болоод 3 дагч этгээдэд хохирол учирсан бол тухайн түрээслэгч ААН хариуцлага хүлээнэ. Үүнтэй уялдуулж тухайн компани хариуцлагын даатгалд хамрагдахаар зохицуулагдсан.

-Хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хангах процесст нэн түрүүнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Ажлын хэсгээс Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргад үүрэг, чиглэл өгсөн. Ялангуяа нэн чухал асуудал болох дэд бүтэц буюу явган хүний, дугуйн, автозамаа стандартын дагуу сайжруулж, аюулгүй байдлыг хангахыг үүргэдсэн. Харамсалтай нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд бид Нийслэлтэй хамтарч ажиллах гээд чадаагүй. Төлөөлсөн ажлын хэсгийн гишүүн нь хуралдаа ирдэггүй зэрэг шалтгаанууд бий.

Бидний зүгээс аль хэсгүүд дугуйн замтай юм, аль нь явган замыг өргөтгөх боломжтой байна, аль хэсэгт баруун хөвөө бий болгож болох талаар судлах, газрын зураг гаргахад хамтран ажиллаач ээ л гэсэн юм. 

Нийслэлийн шинэ удирдлагыг үүнд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал нь хууль батлагдсаны дараа холбогдох ажлын хэсэг, байнгын хорооноос гаргадаг “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой юм. 

Зарим ажлууд хийгдээд явж байна. Тухайлбал, бүртгэлжүүлэлт эхэлсэн, жолоодох эрхийн сургалтын хөтөлбөр болоод журамд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна. Хариуцлагын даатгал, Нийслэлтэй гэрээ байгуулах ажил энэ сарын 30-ны дотор хийхээр хугацаа өгсөн. Ингэхдээ маршрут чиглэлээ тогтоох эрхийг компаниудад хуулиар олгож байгаа. 

Магадгүй энэ үеэр Нийслэлээс хийж чадах зүйл бол хаана аюултай зурвас байна, түүнийг төдий хугацааны дотор засаж сайжруулъя гэдэг байдлаар ажиллах гэж харж байна.

-Иргэдийн дунд дулааны улирлын байнгын хэрэглээнд хязгаарлалт тавилаа гэсэн гомдол хөвөрч байна?

-Маш олон нийгэмд оролцогчийн эрх ашиг хөндөгдөж буй болохоор иргэдийн зүгээс талцал үүсгэх нь ойлгомжтой. Ажлын хэсгийн баримталсан гол зарчим бол явган хүний эрхийг тэргүүнд тавьсан явдал. Скүүтер, дугуйн замгүй хэсэгт автозам руу орохоор мэдээж айдас, түгшүүрт автаж, хэрэглэж чадахаа болилоо гэсэн асуудлууд маш их гарч байгаа. Хэдийгээр жолоодох насны доод хязгаарыг 18 болгосон ч 18, 19 настангууд маань бас л хүүхдүүд шүү дээ. 

Тэгэхээр Нийслэлээс дэд бүтцийг шийдэж өгөх шаардлагыг маш сайн тавих хэрэгтэй. УИХ-аас үүрэг чиглэл өгсөн. Үүргээ биелүүл гэж шахаж шаардах эрх иргэдэд бий. 

Эцэст нь хэлэхэд бидэнд 3 зам байсан. Эхнийх нь 20 хоногт хэдэн зуугаараа бэртэж гэмтэж буй зохицуулалтгүй үе буюу энэ хэвээрээ үлдэх; хоёрт, дэд бүтэцтэй болтол 100 хувь хорих; гуравт, хувь хүнийхээ аюулгүй байдлыг хангаж, амь насны хариуцлагаа хүлээх чадамжтай 18 насанд хүрсэн иргэн энэ төрлийн тээврийн хэрэгслийг ашиглах гээд. Бид 3 дахийг нь сонгоод шийдэл нь үндсэндээ гарчихаад явж байна гэсэн үг.