
Ирэх оны төсөв 10 их наяд төгрөгөөр нэмэгдэж орж ирлээ. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэр өгөөжтэй байх бол?
– Өнөөдөр эдийн засаг дахь цусны эргэлт зогсонги байдалд орчихоод байна. Энэ нь ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж, бараа бүтээгдэхүүний үнэ асар их өсөж, инфляц өндөр байгаагаар илэрч байна. Мөн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн орлого огцом буурсан нь эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэж байгаа юм.Ирэх оны төсвөөр эдгээр асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгө тусгагдана гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ миний хувьд төсвийн хөрөнгө баялаг бүтээгчдэд хүрч чадахгүй, харин инфляцыг улам хөөрөгдсөн үр ашиггүй зардал болж хувирах вий гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа.
Энэ сард батлагдсан төсвийн тодотгол бол УИХ, Засгийн газрын аль алиных нь хариуцлагагүй байдал, алдаанаас үүдэн орж ирсэн. Үүний улмаас боловсролын салбарын багш, ажилтнуудын цалинд шаардлагатай 674 тэрбум төгрөг дутагдсан. Гэхдээ төсвийн тодотголоор 435 мянган ахмад настан суурь тэтгэврийн хүрээнд сар бүр 100–300 мянган төгрөгийн нэмэгдэл авахаар болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын нийгмийн халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөг болгож, асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмэгдүүлэн 370 мянган төгрөгт хүргэлээ. Мөн багш, ажилтнуудын цалинг санхүүжүүлэхэд дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. Төсөв гэдэг бол Монгол Улсыг нэг өрх айл гэж үзвэл тухайн өрх юу идэж, юу өмсөж зүүх, боловсролдоо хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахыг шийддэг чухал баримт бичиг. Тиймээс төсвийн зарцуулалтад хяналт тавьж, үрэлгэн зардлыг танах, харин улс орны хөгжилд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах ёстой гэсэн байр суурийг баримталж байна.
Намрын чуулганы хугацаанд ямар хуулиудад анхаарч ажиллах вэ?
– УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Батбаяр нарын нэр бүхий гишүүдийн хамтаар Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын хэмжээнд жил бүр 15 мянга орчим өрх, 1,500 орчим аж ахуйн нэгж нийт 600 мянга гаруй га талбайд тариалан эрхэлдэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, ган, үер, мөндөр зэрэг байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарал өндөр хэвээр байна. Энэ нь тариаланчдын орлогод шууд нөлөөлж, үйлдвэрлэлийн тогтвортой байдал болон хүнсний хангамжид эрсдэл учруулсаар байгаа юм.
Энэ асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ялангуяа хүнсний хангамж, аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс тариалангийн салбарын эрсдэлийг урьдчилан удирдах, тариаланчдын санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, байгалийн гамшгийн дараа төсөвт үүсэх гэнэтийн дарамтыг бууруулах зорилгоор тариалангийн индексжүүлсэн даатгалын бие даасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Хуулийн төсөл нь тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр олгох, даатгуулагч болон даатгагчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой.
Хуулийн төсөл батлагдсанаар тариалангийн даатгалын эрх зүйн орчин тодорхой болж, шинжлэх ухаанд суурилсан, ил тод, тогтвортой индексжүүлсэн даатгалын тогтолцоо бүрдэнэ. Ингэснээр тариаланчдын эрсдэлийн удирдлага сайжирч, даатгалын зах зээл хөгжихийн зэрэгцээ салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх юм. Үүнээс гадна бусад гишүүдийн хамтаар Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хугацааг сунгахтай холбоотой хууль зэрэг хэд хэдэн хуулийн төсөл санаачлан ажиллаж байна.
Та тойрогтоо буюу Төвийн бүсэд идэвхтэй ажилладаг. Тойргийн иргэдээс ямар санал, санаачилга гарч байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна?
– Бид төр, ард түмний хоорондын холбоос болж, иргэдээ төлөөлөх үүрэг хүлээн тангараг өргөсөн хүмүүс. Тиймээс тойргийнхоо иргэдтэй тогтмол уулзаж, санал хүсэлтийг нь сонсож ажиллахыг хичээдэг. Нэгдүгээрт,иргэдээс хамгийн их ирдэг саналын нэг нь ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал. Ахмадууд маань тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байгааг байнга хэлдэг. Энэ бол бодит амьдрал дээр үнэн зүйл. Саяын төсвийн тодотголоор суурь тэтгэврийн хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлж, ирэх онд тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Суурь тэтгэврийн хүрээнд ахмадууд сар бүр 100–300 мянган төгрөгийн нэмэгдэл авахаар болж байна. Гэвч үнийн өсөлт, инфляцын нөлөөгөөр энэ нэмэгдэл бодит амьдрал дээр төдийлөн мэдрэгдэхгүй байх эрсдэлтэй. Цаашид энэ асуудалд анхаарах шаардлагатай.
Хоёрдугаарт, малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлыг хуульчилж, баталсан ч Засгийн газрын түвшинд хэрэгжихгүй байгааг хэлдэг. Мөн түүхий эдийн үнийн хэлбэлзэл, малчдын орлого, амьжиргаатай холбоотой асуудлыг ихээр хөндөж байна. Гуравдугаарт, тариаланчид өөрсдийн хүч хөдөлмөрөөр салбараа авч явдаг ч төрийн бодлогын анхаарлаас орхигдсон мэт байдаг. Тэд тогтвортой, тууштай бодлого хэрэгжүүлж өгөхийг хүсдэг. Тиймээс тариаланчдын эрсдэлийг бууруулах, орлогын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг батлуулахын төлөө тууштай ажиллана.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Тэдний зүгээс амьжиргааны баталгаажих түвшинтэй харьцуулахад авч буй тэтгэмж нь хангалтгүй байгааг байнга хэлдэг. Монгол Улсад мөрдөгдөж буй амьжиргааны баталгаажих түвшин бүс бүрд өөр байдаг. Төвийн бүсийн хувьд энэ үзүүлэлт 575 мянган төгрөг байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй тэтгэмж амьжиргааны баталгаажих түвшнээс 20–30 хувиар доогуур байна. УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн “Бид нарыг амьдар гээд байгаа юм уу, үх гээд байгаа юм уу” хэмээн хэлж байсан нь нэг талаар бодит нөхцөл байдлыг илэрхийлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг иргэд маань ихээр хүсдэг. Төсвийн тодотголоор тэтгэмжийн хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлсэн ч цаашид энэ чиглэлд бодитой, тууштай арга хэмжээ авах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Та боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч ажилладаг. Тойрогтоо хэрэгжүүлж буй, уламжлал болсон ажлуудаасаа танилцуулна уу?
- Боловсролд оруулсан нэг төгрөг эргээд 12 дахин нугарч өгөөжөө өгдөг гэж үздэг учраас энэ салбарт нэлээд анхаарч ажилладаг. Багш, ажилтнуудын цалин, тэтгэврийн нэмэгдэл, сургалтын орчныг сайжруулах, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурах бичгийн асуудалд анхаарал хандуулдаг. Энэ бүхэн Монгол Улсын ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улс орондоо чанартай боловсон хүчин бэлтгэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс боловсролыг нэгдүгээрт тавьж ажиллах ёстой гэж боддог.
Эрүүл мэндийн салбар ч мөн адил чухал. Ямар ч сайн ажил, төсөл байлаа гэсэн түүнийг эрүүл хүн л хэрэгжүүлнэ. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нөхцөл байдал, иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилладаг. УИХ-ын гишүүний хувьд хууль, төсөв батлах чиглэлээр ажиллахаас гадна тойргоос сонгогдсон гишүүнийхээ хувиар “Туваан сан”-гаар дамжуулан боловсрол, хүүхэд, залуусыг дэмжих ажлыг хэрэгжүүлээд бараг найман жил болж байна. Энэ хугацаанд 500 орчим оюутанд сургалтын тэтгэлэг олгож, дэмжлэг үзүүллээ.
Мөн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэхэд нь зориулан давтлага өгөх, нэр хүндтэй, амжилтад хүрсэн хүмүүстэй уулзуулж, тэдний туршлага, үгийг сонсгох, спорт, урлагийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг олон ажил хийж ирсэн. Эдгээр ажлын гол зорилго нь хүүхэд, залууст урам зориг өгөх, ирээдүйнхээ талаар зөв сонголт хийхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Үйл ажиллагааны санхүүжилтийг аж ахуйн нэгж, компаниуд болон бусад дэмжигчдийн тусламжтайгаар бүрдүүлж ажилладаг.
Гурван жилийн өмнөөс УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Батбаяр нартай хамтран тойргийнхоо I–XII ангийн сурагчдад нас, анги, сэтгэхүйн онцлогт нь тохируулан захидал бичиж илгээдэг болсон. Хүүхдүүдээс ирсэн хариу захидал бүрийг уншиж, санал хүсэлтийг нь ажил хэрэг болгохыг зорьдог. Энэ хугацаанд сурагчдаас ирсэн захидал, саналын мөрөөр багш нарын цалин, суралцах орчин, цахим болон сургалтын тоног төхөөрөмж, цэцэрлэгийн орчин нөхцөл, мэргэжлийн болон сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй залуусын хэрэгцээ зэрэг олон асуудлыг улсын төсөв, хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жил XI, XII ангийн сурагчдаас цахим орчин, техник технологи хөгжиж буй өнөө үед таблет хэрэгтэй байна, энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн санал ирсэн. Үүнийг төсөвт тусгуулж, шийдвэрлүүлсэн.
Энэ жил хүүхдүүдийн сурч боловсрох үйлсийг дэмждэг, төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг “Цэвэгдоржийн Туваан сан”, “Далайн Батбаяр сан”, “Сүхбаатарын Эрдэнэболд сан” хамтран 100 хүүхдэд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа. Мөн Төвийн бүсийнхээ төрийн болон хувийн өмчийн 93 ерөнхий боловсролын сургуулийн I–XII ангийн нийт 72,853 сурагчид захидал хүргүүлсэн.
Энэ бол зөвхөн захидал илгээх тухай ажил биш. Сурагч дүү нарынхаа боловсрол, суралцах орчин, хүсэл мөрөөдөл төдийгүй үзэл бодол, ирээдүйн талаарх төсөөлөл, сэтгэл зүрхийг нь сонсохыг зорьж буй харилцаа юм. Хүүхдүүдээс ирсэн захидлыг унших бүрдээ тэдний хүсэл мөрөөдөл, санаа бодлыг илүү сайн ойлгож, дэвшүүлсэн санал, хүсэлтийг нь бодит ажил хэрэг болгохыг чухалчилдаг. Боловсрол бол ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт. Тиймээс хүүхэд бүрд сурч хөгжих боломж олгох, тэдний дуу хоолойг сонсох, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь бидний цаашид ч тууштай хэрэгжүүлэх ажлын нэг байх болно.