
Монголын хөдөө хоёр том тулгамдсан асуудалтай нүүр тулж байна. Эхнийх нь эхнэр олдохгүй асуудал. Яг үнэндээ Монголын хөдөөг адуунд хайртай хэдэн залуус л манаж байх шиг байна. Эмэгтэйчүүд нь төв газар луу маш ихээр явцгаасан байдалтай!
Хоёр дахь нь 6 настай балчир хүүхэд сургуульд орж буй асуудал. Зургаахан настай хүүхдээ сумын сургуулийн дотуур байр эсхүл хэн нэг хамаатныдаа байлгаж зүрхлэхгүй ээжүүд хүүхдээ дагаад сум руу нүүж, нөхөр нь аргагүйн эрхэнд малаа хариулаад хоцорч байна. Ингэж явсаар эцэст нь гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд өсгөж үржүүлсэн малаа зарж, хот суурин газар бараадан ажилгүйчүүдийн хүрээг улам тэлсээр...
Энэ асуудлыг яаралтай зохицуулах шаардлагатайг УИХ-ын гишүүн Р.Сэддорж хэлсэн юм. Иймд тэрбээр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүүхдийн бие даах чадвар нэмэгдэж гуравдугаар ангид ортол зайн болон цахим сургалтад хамруулах хуулийг санаачилж, өргөн бариад байна.
Малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр зайн болон цахим сургалтад хамруулах хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. Энэ хуулийн хэрэгцээ, шаардлагыг хэрхэн харсан бэ?
Монгол Улсын 330 суманд ажиллаж, амьдарч байгаа 160 гаруй мянган малчин өрхийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан. Энэ хууль Монгол Улсын боловсролын системд нэн яаралтай шийдэх ёстой асуудлын нэг болчхоод байна. Манай улс 12 жилийн боловсролын системд шилжээд хориод жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд маш олон хүндрэлтэй асуудлууд бий болсон. Нэгт, 6 настай хүүхэд заавал анги дээрээ ирж хичээлээ үзэх ёстой гэх. Хоёрт, өнөөдрийн 6 настан дээр үеийн 8 настай хүүхдийн сургалтын системээр хичээллэж байгаа нь сууриараа буруу болчхоод байна. Манайхан үүнийг буруу тооцоод арай хатуудуулчихсан. Учир нь 6-7 настай хүүхэд тоглонгоо сурч, хөгжих ёстой. Нэг үгээр хэлбэл цэцэрлэг шиг сургууль байх ёстой. Нарийн яривал 6 настай хүүхэд хөгжлийнхөө хувьд удаан суух нь бүү хэл, маш чөлөөтэй, хөнгөн байдлаар суралцах ёстой байдаг юм билээ.
Түүнчлэн малчин өрх хүүхдээ сургуульд сургахын тулд малаа зарж, хот суурин газар бараадах эсвэл хүүхдүүдээ дагаж эхнэр нь төв суурин газарт амьдарч байгаагаас ганцаар амьдрах малчин эрчүүдийн тоо нэмэгдэж, гэр бүл салалт нэмэгдэх болсон. Гэр бүл салдаггүй юм гэхэд хоёр тусдаа амьдарч байгаагаас үүдэн гэр бүлийн зардал хоёр дахин нэмэгдэж байх жишээний.
Гэр бүлийн нэг нь хөрөнгөө харж, нөгөө нь сумын төв дээр хүүхдээ харах байдлаар амьдарч байна. Энэ хооронд нэгт, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалж авч яваа. Хоёрт, нүүдлийн соёл иргэншлийг нуруун дээрээ тээн яваа малчин айл буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “боловсролын хатуу” тогтолцооны уршгаар бүхнээ алдаж буйн бодит жишээг малчдын амьдралаас харж болно. Иймд малчин өрхийн хүүхдүүд рүү чиглэсэн ямар нэг хосолсон, уян хатан хувилбар буюу “боловсролын эрх чөлөө” нэн шаардлагатай! Жишээ нь, 7 хоногийн 2 өдөр зайнаас, 3 өдөр танхимаар гэх мэт уян хатан сонголт, эрх чөлөө үгүйлэгдэж байна. Монголчууд эрт дээр үеэсээ язгуур боловсролоо эцэг эх эмээ, өвөөгөөсөө өвлөн авдаг шавь сургалттай явж ирсэн үндэстэн. Үүгээрээ ч бид буруудсан түүх байхгүй.
Хүүхдээ сургахын тулд ээж нь хүүхдээ дагаад суурин газар бараадаж, аав нь малаа маллаж, хөрөнгөө харж үлдэх нь олонтаа. Хоёр биеэсээ хол байгаа гэр бүлийн хоёрт элдэв хов, жив дуулдах нь энүүхэнд. “Танай эхнэр сумын төвийн олиггүй нөхөртэй жигтэйхэн юм яриад, инээж байсан” гэхчоэн хов гарах жишээний. Энэ мэт явган яриа нь нөхрийн чихэнд хүрч, сэтгэлийн шарх үүсгэнэ. Ингээд эхнэрээсээ хол байгаа нөхөр архи ууж, мөрийтэй тоглох нь энүүхэнд. Тэр байтугай 7 хоногтоо нэг удаа цуйван хийгээд бусад өдөр нь тэр хоолоо сүхээр хагалж, халааж идэж байна гээд л бод. Энэ мэтээр хооллоод байвал ямар олиг байх вэ! Ойлгомжтой. Өрхийн тэргүүн ингэж явсаар гэнэтхэн л нэг өглөө сэрээд ерөөсөө эхнэр, хүүхдээ л бараадъя гээд хамаг л мал, эд хөрөнгөө зах зээлээс хямдаар зараад төв газар бараадах жишээний. Мах, сүү, ноос ноолуурын үйлдвэрлэл ч үүнийгээ дагаад хумигдаж байна. Махны үнэ ч нэмэгдэж байгаа нь алсуураа үүнтэй холбоотой.
Малчид гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд нүүдэлчин ахуй, амьдралаасаа салах сонголтыг хийж, хөдөө нутаг эзгүйрч байна. Энэ нь цаагуураа нүүдэлчин соёл Монголчуудаас улам алсарч буйг илтгэж байна. Та хөдөөгөөс сонгогдсон гишүүн асуудлыг бүр ч сайн мэдэж байгаа?
Тийм. Өдийгөөс төдий болтол өсгөн үржүүлсэн буянт мал сүргээ арилжиж, төв суурин газар бардахаас өөр сонголт малчдад үнэндээ алга. Байдгаа зараад төвд орж ирсэн ирсэн малчин айл эхний 1-2 жилдээ аятайхан амьдарна. Үүний дараагаас ажилгүйчүүдийн эгнээнд орох жишээний. Малчид мянган мэргэжлийн эзэн гэгддэг ч тухайлсан мэргэжил эзэмшиж, их дээд сургууль төгсөөгүй учраас ажилд орж чаддаггүй. Ингээд Улаанбаатар хот руу эсхүл уурхай даган нүүдэг. Уурхайд очлоо ч нарийн мэргэжил эзэмшээгүй учир голцуу туслах ажилтан хийдэг. Миний хувьд 47 суманд очин, малчдынхаа санаа бодол, тэдэнд тулгамдаад буй асуудлыг сонсож ажилласан. Мөн 21 аймгаас сонгогдсон Улсын Их хурлын гишүүдтэй ч уулзалт хийлээ. Ерөөсөө л бүгд энэ асуудлыг хөндөж байна. Сумын төвийнхөн бол хоёр идэж, хоосон хонохгүй амьдраад болж л байна. Цаад хөдөө нутаг чинь эзгүйрлээ, удамд залгасан залуу малчид өдрөөс өдөрт цөөрч байна. Жишээлбэл, 3 жилд 35 хүртэл насны 8 мянган залуу малчин төв газар бараадаж байна шүү дээ! Энэ том тоо шүү. Эдгээр хүмүүс чинь бүгдээрээ ХАА-н бизнес эрхлэгчид, Энэ байдал цаашаа үргэлжилбэл улсын эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдалд маш хортой. Цаашид дээрх асуудлыг соргогоор харж шийдэх ёстой.
Зөвхөн малчдын хүүхдээр асуудал дуусахгүй. Нэгт, хилчдийн хүүхдийн асуудал. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Үүнийгээ дагаад хилийн застав дээр ажиллаж, амьдарч буй хилчдийн хүүхдүүдийн боловсролын асуудалд анхаарах ёстой. Хилийн застав дээр ажиллаж, амьдардаг залуу офицерын хүүхэд 6 нас хүрч сургуульд явахын тулд нийслэл рүү орж ирэхээс өөр аргагүй.
Хоёрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийн асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань 6-7 насны хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд хамаг цаг заваа сургуульд зөөхөд нь зарцуулж байна. Тэдгээр хүмүүст ажил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа дээшлүүлэх ямар ч нөхцөл алга. Гэтэл танхимаар үзэж байгаа хичээлийнх нь үр өгөөж асар бага. Үүнийг заавал танхимаар бус зайн, онлайн болон цахим сургалт, хосолсон сургалтаар авах боломжтой.
Гуравт, гадаад улсад ажиллаж, амьдардаг иргэдийн хүүхдийн тухай асуудал. Гадаадад байгаа 300 мянган монголчууд маань хүүхдүүддээ эх хэл дээр нь суурь боловсрол эзэмших эрх чөлөөг олгооч, боловсролын шинэ систем үгүйлэгдэж байна гэдэг санал хүсэлтээ ирүүлсэн.
Жил ирэх бүр ноос ноолуур, махны үнэ нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад малчдын амьжиргаа ч зохих хэмжээнд дээшилсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн малчин өрхийн дийлэнх нь старлинктэй болчихсон. Өмнөговь ч гэлтгүй хөдөө орон нутгийн дийлэнх сумдууд интернэтэд холбогдсон байгаа. Өөрсдөдөө байгаа энэхүү нөөц боломжоо сошиалын элдэв хэл ам, хэрүүл тэмцэлд ашиглахын оронд зайнаас сургах боловсролын арга хэлбэрт түлхүү ашигламаар байгаа юм. Тэгэхээр уг хуулийн гол санаа нь малчин өрхийн хүүхдэд төр очиж хичээлийг нь зааж өгье гэдэг санаа.

Хүүхэд бага боловсрол эзэмшихийн тулд эцэг эх, гэрээсээ удаан хугацаагаар тусдаа амьдрах шаардлагатай болдог "харгис" хэт нэг талын хэвшмэл байдлыг хуулиар хэрхэн өөрчлөх вэ?
Зургаахан настай хүүхдээ сумын сургуулийн дотуур байр, эсвэл хэн нэг хамаатныдаа байлгадаг. Ингэж зүрхлэхгүй ээжүүд нь хүүхдээ сургуульд оруулахаар сум руу нүүдэг. Дотуур байр гэдэг бага насны хүүхдүүдийн хувьд тийм ч гоё зүйл биш. Гэр бүлийн хайр халамж, хараа хяналтаас хол байгаа балчир хүүхэд дотуур байранд ямар нэг байдлаар сэтгэлийн шарх авбал насан туршид нь салдаггүй. Үүнээс гадна дотуур байрнуудын тав тух, чанар стандарт учир дутагдалтайн дээр энд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа "кэйс"-үүд нийгэмд ихээр гарч байна.
Хуулийн төсөлд, малчин өрхүүд 6 настай хүүхдээ 1 дүгээр ангид танхимаар суралцуулах нь нээлттэй. Боломжгүй сумын төвөөс хол амьдардаг айл, өрхүүд хүүхдээ 1, 2 дугаар ангидаа зайнаас, цахимаар суралцуулах боломжтой гэсэн үг. Мөн тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг хуульд заасан хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах зохицуулалтуудыг хуульд тусгасан.
Хүүхэд уян хатан нөхцлөөр бага боловсролоо гэрээсээ буюу зайнаас эзэмшиж болох аж. Энэ нь нөгөө талдаа хүүхдэд хичээлийн хоцрогдол үүсгэх, нийгэмшлээс хойш татах байдал гарахыг үгүйсгэхгүй байх?
Хүүхэд бүрийг боловсролтой болгох ёстой. Гэхдээ боловсрол эзэмших эрхийг нь хамгаалах нэрээр 6 настай хүүхдийг гэр бүлээс нь заавал холдуулах нь цорын ганц зам байж таарахгүй. Харин тухайн хүүхдийн нөхцөлд тохирсон өөр сонголтыг бий болгох нь чухал юм. Нөгөө талдаа тийм зүйл гарахыг үгүйсгэхгүй. Хүүхдийн боловсрох эрхийн зөрчил, хичээлийн хоцрогдол ч гэдэг юм уу энэ бол дараагийн асуудал. Нэн тэргүүнд монгол хүн байх тухай асуудал яригдана. Үүний дараа бага насны хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол юу юунаас илүү хэрэгтэй. Ааваасаа тэсвэр тэвчээр, ээжээсээ оёдол, эсгүүр, сааль сүүгээ саах, боловсруулах гэхчлэн олон эрдмийг өвлөдөг. Ер нь Кэмбрижийнх сайн боловсрол, нүүдэлчдийн өв соёл, уламжлал “боловсрол биш” гэдэг өнцөг маш буруу. Европын бусад улс орнуудад байдаг шиг эмээ өвөө, эцэг эхээ нас дээр гарах үед нь үл ойшоодог хүйтэн хөндий бус хайрлан хамгаалж, халамжилж ирсэн энэрэнгүй, халуун дулаан зүрх сэтгэлийн боловсролыг гэр бүлээсээ өвлөж ирсэн.
Та 50 орчим сумдаар хуулийн хэлэлцүүлгийг хийж малчдаас санал сонссон гэж байна. Малчдын зүгээс яг ямар асуудлыг голчилон тавьж байна?
Малчдын зүгээс "заавал танхимд очиж суух ёстой гэдэг энэ боловсролын хатуу тогтолцооны гажуудал бидний амьдралаас хүүхдийг хөндийрүүлж байна" гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байна. Нэг үгээр хэлбэл удам залгасан малч арга ухааныг ирээдүй хойч үедээ өвлүүлэх боломжгүй болж байна гэсэн үг. Учир нь дотуур байрлуу явсан хүүхдүүд хичээлийн амралтаараа ирэхээ байсан гэнэ. Хөдөө гэр, морь малаасаа хөндийрч, монгол ахуйгаа голж эхэлж байна. Нэг үгээр хэлбэл гоё ганган, чамин тансаг фейсбүүкийнх шиг амьдралыг хүсэж, мөрөөдөж эхэлж байгааг малчид хэлж байна. Малчин гэр бүл өөрийн 4 хүүхдийнхээ нэгийг нь малчин, нөгөөг нь айлын сайн бэр, үлдсэнг нь мэргэжил боловсролтой хүн болгоно доо гэх зэргээр ирээдүйг нь төлөвлөчихсөн байдаг. Гэтэл өнөөдрийн боловсролын буруу систем малчдын хүүхдүүдийг буруу зүгрүү чиглүүлээд байна. Мэдээж хот хүрээ бараадаж мэргэжил, боловсол эзэмшээд амжилттай явахыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ хот хүрээ явсан хүүхдүүдийн дийлэнх нь үсчин, шүдний эмч эсхүл хаа нэг газарт туслах ажилтан л болж байна. Үүнээс илүүтэйгээр эцэг өвгөдөөс уламжлан ирсэн малч ухаан, нүүдэлчин өв соёлоо эрчимжсэн мал аж ахуй, фермер, газар тариалантай хослуулан аж төрвөл хотод амьдарснаас илүү дэвжин дээшлэх бүрэн боломжтой шүү дээ. Тэр бүү хэл сүүлийн жилүүдэд гадаадын иргэд хөдөөг зорьж, орон нутагт ажиллаж амьдрахыг илүүд үзэж байна. Тэд эрчимжсэн мал аж ахуй, фермер хийгээд сайхан амьдарч буйн олон жишээг та бид сайн мэднэ.
Дэлхий дахинд “Home Best Education” буюу гэрт суурилсан боловсролыг илүүд үзэх болж. Тухайлбал, манайхаас том газар нутагтай Австрали, Канад, АНУ, Финлянд гэсэн улс орнууд 10% танхим 90% гэрээсээ, 20% танхим 80% гэрээсээ, эсхүл 70% танхим 30% гэрээсээ гэх мэт уян хатан байдлаар орон зайнаас үл хамааран хүүхдүүддээ боловсрол олгож байна. Гэрээсээ даалгавраа хийнэ, багштайгаа байнгын харилцаатай байх жишээний. Жишээлбэл монголын анхны зайны сургалтын систем буюу medlee.mn дээр бүх хичээлүүд байршсан. Боловсролын яам үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Жишээ хэлье. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд фермерийн аж ахуй эрхэлдэг Канад гэр бүл 3 хүүхдээ онлайнаар ерөнхий эрдмийн боловсролыг нь эзэмшүүлчихсэн байна. Хүүхдүүд нь эхнээсээ Их, дээд сургуулийн хувиараа аваад нутаг буцсан байгаа. Үүнээс гэр бүлийн боловсрол нэгдүгээрт гэдгийг харж болохоор байна.
.
