Ш.Бямбасүрэн:
Уул уурхайн баялгийг өнөөдрийн иргэдэд бус, ирээдүй хойч үедээ зориулж зөв зарцуулах ёстой!
7 мин унших

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнтэй 2027 оны улсын төсөв болон бусад асуудлаар цөөн хором ярилцлаа.
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 2027 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах ажлын хэсэгт та ажилласан. Ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан. Манай ажлын хэсэг орлого, зарлага, дагалдах хуулиуд гэсэн гурван дэд хэсэгт хуваагдсан. Миний хувьд орлого, тэр дундаа гадаад зээл, тусламжийн асуудлыг хариуцсан дэд ажлын хэсэгт ажилласан. 2027 оны төсвийн төсөл өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд өндөр дүнтэйгээр өргөн баригдсан. Гэхдээ төсвийн өсөлтийн гол шалтгаан нь урсгал зардал, тухайлбал цалин, тэтгэвэртэй холбоотой зардлууд байна. Эдгээр нь хуулиар зохицуулагдсан нэмэлт зардлууд. Харин хөрөнгө оруулалтын зардал харьцангуй бага, төсвийн дийлэнх хувийг урсгал зардал эзэлж байгаа юм.
Монгол Улсын төсөв гэдэг бол хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, тухайн жилийнхээ өнгийг тодорхойлох гол баримт бичиг. Улс орон тухайн жилд аль салбарт, ямар чиглэлд анхаарч байгааг олон нийт, иргэд, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд бүгд төсвөөс хардаг. Тиймээс асар чухал ач холбогдолтой. Гэтэл бид жил бүр төсвөө бага багаар олон талд тарааж, үр ашиггүй болгож байна. Салбар бүрд олон асуудал, хүндрэл бий. Гэвч тэдгээрийг цогцоор нь шийдэж чадахгүй байна. Энэ талаар би байр сууриа тогтмол илэрхийлж ирсэн. Тухайлбал, 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" гэж зарласан ч сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаа бүрэн шийдэж чадахгүй л байна. Мөнгө байгаа хэр нь "тамын тогооны үлгэр" шиг төсвөө жил бүр тал тал тийш нь хуваарилсаар байгаад үр ашиггүй болгож байна.
Уг нь улсын орлого хангалттай сайн нэмэгдэж, олон улсын зах зээлд гаргаж буй зэс, нүүрс, алтны үнэ өсөлттэй байгаа нь сайшаалтай. Гэвч нэмэгдэж буй орлогоо зөв зүйлдээ, үр өгөөжтэй хөрөнгө оруулж чадахгүй байгаа нь үнэн. Төсөв хэлэлцэх явцад ч учир дутагдалтай зүйл олон гардаг юм байна. Засгийн газар төсвийн төслөө өргөн барихдаа бодлогоо танилцуулж, тодорхой төлөвлөлттэй оруулж ирдэг.
Гэтэл УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаж, баригдаж дуусаагүй төслөөс нь хөрөнгө мөнгө авч, өөр нэг шинэ төсөл нэмдэг. Үүний улмаас өмнөх төслүүд хугацаандаа дуусахгүй, царцах зэрэг сөрөг үр дагавар гардаг. Цаашдаа үүнийг цэгцлэх ёстой.
Төслийн хөрөнгө оруулалтын зардлыг ихэвчлэн гурван жилд хувааж төсөвт тусгадаг. Гэтэл тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдэд ч давхар хүндрэл үүсгэдэг буруу жишиг УИХ дээр тогтчихсон байна.Бусад улс орны жишгээр Сангийн яамнаас тусдаа, парламентын дэргэд төсөв хариуцсан мэргэшсэн нэгж ажилладаг. Харин манай улсад Төсвийн байнгын хорооны хэдэн референтээс өөр зөвлөх, чиглүүлэх мэргэжлийн бүтэц алга. Ийм алдаа, дутагдал байнга гарсаар байвал төсвийн бодлого буруу чиглэлд явна.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл жил бүр төсөв болон төсвийн тодотголтой холбоотой зөвлөмж гаргадаг ч түүнийг нь төдийлөн анхаардаггүй. Баталсан хуулиа Засгийн газар, УИХ өөрсдөө хэрэгжүүлэхгүй, хамгийн тогтвортой байх ёстой хуулиа хүртэл жилд 3-4 удаа өөрчилж байна.
- Ирэх онд зүүн бүсийн хөгжилд чиглэсэн ямар томоохон хөрөнгө оруулалт, хөтөлбөрүүд төсөвт тусгагдсан бэ?
Төрийн хамгийн гол үүрэг бол иргэдэд чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх. Энэ хүрээнд зүүн бүсэд нэгдүгээрт, боловсрол, эрүүл мэндийн салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт тусгагдсан.
Хоёрдугаарт, дэд бүтцийн чанартай ажлуудад төр хөрөнгө оруулалт хийх ёстой. Зам, эрчим хүч, гүүр зэрэг бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тавигдсан. Үүний үр дүнд хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, ажлын байр бий болох таатай орчин нөхцөл бүрдэх учиртай. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр зарим гишүүдийн саналаар сум, багийн төвийн барилга байгууламж барих асуудал оруулж ирээд байна. Тийм барилга барьснаар тухайн багийн хөгжил шууд шийдэгддэг бол хэдийг ч барьсан болно. Гэвч ийм үр ашиггүй зүйлд төсвийн хөрөнгийг тарааж, цацмааргүй байна.
- Намрын чуулганаар ямар хуулийн төслүүдэд түлхүү анхаарч ажиллаж байна вэ? Мөн өөрийн санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдээс танилцуулна уу?
Миний хувьд хамтран санаачилсан 18 хуулийн төсөл өргөн баригдсан. Тэдгээрийн зарим нь хэлэлцүүлгийн шатанд явж байна. Мөн өргөн барихаар бэлтгэж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа хуулийн төслүүд бий. Нэн тэргүүнд Нэгжийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар холбогдох материалын бүрдүүлэлтийг хангах шатанд ажиллаж байна. Харин намрын чуулганы хугацаанд хамгийн гол анхаарлаа Төсвийн тухай хууль болон төсвийн бодлоготой холбоотой асуудлуудад хандуулж ажиллаж байна.
- Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хуваарилах асуудал байнгын хороодоор хэлэлцэгдэж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
Нэгдүгээрт, Оюутолгойн ногдол ашгийн мөнгө яг орж ирэх юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар мөнгийг авна гээд гарын үсэг зурсан, баталгаажуулсан гэрээ, баримт бичиг алга. Хэрэв авах гэж байгаа бол яг ямар нөхцөлтэйгөөр авах гэж байгаагаа маш тодорхой ярих ёстой. Оюутолгой компани хоёр эзэмшигчтэй. Үүний 66 хувийг Рио Тинто, 34 хувийг Монгол Улс эзэмшдэг. Манай 34 хувьд ногдох 3 их наяд төгрөгийг авна гэвэл Рио Тинто компани 6 их наяд орчим төгрөг авах ёстой болно. Өөрөөр хэлбэл, нийт 9 их наяд төгрөгийн санхүүжилт гарах нөхцөл үүснэ.
Ийм хэмжээний мөнгө гаргах санхүүгийн боломж, нөөц тус компанид байгаа юм уу гэдгийг бид асуух ёстой. Магадгүй өнөөдөр бид 3 их наяд төгрөг авлаа гэж баярлаж байтал нөгөө компани 9 их наяд төгрөгөө гаргахын тулд зээл авбал яах вэ? Тэр зээлийн дарамт нь эргээд бидний ирээдүйд авах ногдол ашигт нөлөөлөх вий. Бид энэ ногдол ашгийг ямар төлөөсөөр авч байгаа юм бэ гэдэг маш олон тодорхойгүй асуулт байна. Үүнийг нэн тэргүүнд ярилцах ёстой. Харамсалтай нь энэ талаар асууж, тодруулахад Сангийн яам болон Засгийн газраас тодорхой хариулт өгөхгүй байна.
Хоёрдугаарт, уул уурхайгаас орж ирж буй баялгийн орлогыг хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэх ёстой. Хуримтлалын сангийн хөрөнгийг 2030 он хүртэл зарцуулж болохгүй гэж хуульчилсан. Миний хувьд бэлэн мөнгө тараахыг буруу гэж боддог. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр иргэдэд 100 мянга, 80 мянган төгрөг гэх мэтээр мөнгө тарааж байсан.
Гэвч уул уурхайн баялгийн орлого гэдэг зөвхөн өнөөдөр амьдарч байгаа иргэдийн өмч биш. Ирээдүй хойч үе, залуучууд маань ч хүртэх ёстой баялаг.
Тиймээс энэ хөрөнгийг зөв зохистой зарцуулах хэрэгтэй. Нэг удаагийн шинжтэй бэлэн мөнгө тараах нь урт хугацаандаа хор уршиг ихтэй. Инфляцыг өдөөж, төгрөгийн ханшийг сулруулж, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Талх 10 мянган төгрөг хүрнэ гэж яригдаж байгаа нь ч үүнтэй холбоотой эрсдэлийг харуулж байна.
Иргэдээс оноо авах гэсэн нэг удаагийн, гал унтраах шинжтэй шийдвэр урт хугацаандаа эдийн засагт маш хортой. Үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгддэг хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Хэрэв хувийн хэвшил сөхрөөд унавал тухайн улсын эдийн засаг үндсэндээ унана. Тиймээс бэлэн мөнгө тараах нь урт хугацаандаа маш их хор хөнөөлтэй зүйл.
- Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр олон нийтийн анхаарлыг татаж байна. Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоох, хариуцлага тооцох асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна вэ?
Маш харамсалтай зүйл боллоо. Манай Дорнод аймгийн Халх гол сумын нутагт байрлах Нөмрөгийн дархан цаазат газарт аймшигтай түймэр гарч, газар нутгийн дийлэнх хэсэг нь шатсан. Үүнд хариуцлага ярихгүй өнгөрч огт болохгүй гэсэн байр суурьтай байна.Тухайн бүс нутагт нэвтрэхийн тулд Дархан цаазат газрын захиргаанаас зөвшөөрөл авах ёстой. Дээрээс нь хилийн бүс учраас Хил хамгаалах ерөнхий газраас мөн зөвшөөрөл авна. Үндсэндээ хоёр байгууллагын зөвшөөрлийг тус тусад нь авч байж нэвтрэх ёстой.
Гэтэл тухайн үед зөрчил гаргасан этгээдүүд зөвхөн нэг байгууллагаас нь зөвшөөрөл авсан, нөгөө байгууллагаас нь аваагүй гэх мэдээлэл бий. Жишээлбэл, байгаль хамгааллын байгууллагаас зөвшөөрөл авсан бол ядаж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх боломжтой. Хуурайшилтын үед ямар шаардлага тавих, автомашин техникээ хэрхэн шалгах, ямар эрсдэлээс сэргийлэх зэргийг зааварлах ёстой. Энд төрийн хоёр байгууллагын уялдаа холбоо сул байгаагийн зэрэгцээ тухайн бүсэд нэвтэрч байгаа хүмүүсийн хариуцлагын асуудал ч яригдана.
Бид нутгийн иргэдийн хувьд Нөмрөгийн дархан цаазат газарт хэнийг ч дур мэдэн нэвтрүүлдэггүй, баргийн хүн ордоггүй гэдгийг сайн мэднэ.
Гэтэл ангийн захирагч нь дураараа нэвтрүүлсэн мэтээр Засгийн газраас мэдээлэл өгч, боомтын захиргааны хоёр залууг ажлаас нь чөлөөлснөөр бүх хүн хариуцлагаас мултарна гэж бодож байгаа бол буруу. Хил хамгаалах ерөнхий газрын даргын түвшинд шийдвэрлэх асуудал бий. Би тэр нутгийн хүн. Тийшээ олон хүн орж, гарахад хаанаас, ямар зөвшөөрөл авдгийг маш сайн мэднэ. Гэтэл нэг ангийн захирагчаас зөвшөөрөл аваад орчихсон мэтээр асуудлыг тайлбарлаж байгаа нь буруу. Энэ асуудлаар хариуцлага заавал яригдах ёстой. Хоёрдугаарт, учирсан хохирлын хэмжээг маш бодитой тогтоох хэрэгтэй. Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг эрчимтэй хөөцөлдөх ёстой.
Хохирлыг зөвхөн шатсан газрын хэмжээгээр тооцож болохгүй. Түймэр гарснаас эхлээд унтраахад зарцуулсан бензин, түлш, хүн хүчний зардлыг тооцно. Үүнээс гадна байгальд учирсан хохирол буюу хэдэн га талбай шатсан, ямар ан амьтан хорогдсон зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатай.Гуравдугаарт, хамгийн том хохирол бол экосистемийн тэнцвэр алдагдаж байгаа явдал. Энэ нь эргээд нөхөн сэргэхэд маш бэрх. Хэдэн жил, магадгүй 15-20 жил шаардагдахыг ч таашгүй. Шатсан өвс дараа жил нь ургаж болно, тарьж ургуулж ч болно. Гэтэл тухайн газрын экосистем бүхэлдээ өмнөх хэвэндээ эргэн ороход асар их хугацаа шаардагдана. Үүнийг мөнгөөр үнэлж баршгүй. Тиймээс энэ асуудлаар хариуцлага тооцуулахын төлөө тууштай дуугарч, ажиллана.


