Үйл явдал3 мин унших
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэгтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУИХ-ын чуулганы /2026.06.30/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын энэ оны 6 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26 дахь хэсгийг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн хэлэлцүүлэх хүсэлтээ хууль санаачлагч нараас ирүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 279 дүгээр захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Р.Батболд, С.Зулпхар, С.Одонтуяа, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат нарыг оролцуулан байгуулсан байна.
Байнгын хороо энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн хэмээгээд дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байгаа 5 хүртэлх ажилтантай ажил олгогчийг дэмжиж, ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 60 хүртэлх сарын хугацаанд чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ.
Ажлын хэсгээс гаргасан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэд ажил, хөдөлмөр эрхлэх тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байж болох саналыг хэлэлцсэн байна.
Хэд хэдэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа иргэн өөрт таатай зөвхөн нэг гэрээг сонгон нийгмийн даатгалын шимтгэл төлж болохоор; тэтгэвэр тогтоох сүүлийн 20 жилийн дотор дараалсан 5 жилийг үе шаттайгаар нэмэгдүүлэх хугацааг 2029 оноос хэрэгжүүлэх талаарх саналыг хэлэлцсэн гэв. Мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцооны олон улсын нэршилд нийцүүлэн "Баталгаат тэтгэвэр" гэснийг “Суурь тэтгэвэр” болгон өөрчлөхөөр; суурь тэтгэврийг тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн нийт ахмад настанд авч байгаа тэтгэврийн хэмжээнээс нь хамааруулж улсын төсвөөс сар бүр олгох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох санал хураалтыг явуулан шийдвэрлэсэн гэв.
Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 32 санал, найруулгын шинжтэй 2 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, зарчмын зөрүүтэй 14 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Ийнхүү Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй санал тус бүрээр нь санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.