Онцлох мэдээ2 мин унших
2026 оны хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ

Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган ажлын 79 өдөр хуралдаж, өнөөдөр хаалтаа хийлээ. Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд анхдагч 18 хууль, хуулийн шинэчлэсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 188 хууль, олон улсын гэрээ соёрхон батлах 7 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 5 хууль, Улсын Их Хурлын 58 тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Энэ удаагийн чуулганаар батлагдсан хуулиудаас эдийн засаг, иргэдийн амьжиргаа, бизнесийн орчинд бодит нөлөө үзүүлэх Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Татварын багц хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг эрх зүйн шинэчлэл хийснээрээ онцлог байлаа.
Хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01, 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллав. Түүнчлэн, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа.
Малчны тухай хуулийг санаачлан өргөн мэдүүлсэн гишүүний хувьд тус хуулийн хэрэгжилтэд Ерөнхий хяналтын сонсгол явуулах шаардлагыг хүргүүлж, Улсын Их Хурлын БОХХАА-н Байнгын хорооноос 6 сарын 23-24-ний өдрүүдэд хууль санаачлагчид, УИХ-ын холбогдох Байнгын хорооны гишүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон малчдын 60 орчим төлөөлөл оролцсон сонсголыг зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийн явц, хэрэгжээгүй зүйл заалт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Энэхүү сонсгол нь Малчны тухай хуулийн хэрэгжилтийн бодит үр дүнг үнэлж, малчдын эрх ашиг, нийгмийн хамгаалал, салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр шаардлагатай арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Цаашид хууль тогтоомжийн чанарыг сайжруулж, хүний эрхийг хамгаалах эрх зүйн баталгааг бэхжүүлэх, иргэдийн амьдралд бодитой, эерэг өөрчлөлт авчрах бодлого, шийдвэрийг боловсруулахын төлөө тууштай ажиллах болно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
