Үйл явдал2 мин унших
Д.Энхтүвшин: Дүрэм зөвхөн хуульд бичигдсэн байхад хангалтгүй, түүнийг зөрчихөд бодит хариуцлага тооцдог механизм шаардлагатай

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Төсвийн сахилга бат буюу яагаад сайн улстөрчдөөс илүү сайн дүрэм, хүчтэй тогтолцоо хэрэгтэй талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан хуваалцлаа.
Эдийн засгийн уналтын үед төрийн зарлага нэмэх шийдвэр улс төрийн хувьд амархан байдаг. Шинэ төсөл хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ нэмэгдүүлэх, иргэдэд дэмжлэг үзүүлэх нь үр дүнгээ шууд харуулдаг.
Харин эдийн засаг сэргэсний дараа зарлагаа бууруулах, өрөө багасгах, хуримтлал бий болгох нь улс төрийн хувьд илүү хэцүү байдаг. … Ингээд түр хугацааны арга хэмжээ байнгын бодлого болж хувирах эрсдэл бий болдог.
….хүмүүс зах зээл дээр өөрсдийн ашиг сонирхлыг харгалзан шийдвэр гаргадагтай адил, улс төрийн орчинд ч өөрсдийн ашиг сонирхол, хязгаарлалтад үндэслэн шийдвэр гаргадаг.
Улс төрчид зөвхөн эдийн засгийн урт хугацааны хамгийн оновчтой шийдлийг сонгох нөхцөлд ажилладаггүй. Тэд дахин сонгогдох, иргэдийн дэмжлэг авах, улс төрийн өрсөлдөөнд амжилт гаргах, намаа ялалтад хүргэх хэрэгцээ, шаардлагатай байдаг.
Иймээс сайн улс төрчид ч богино хугацааны улс төрийн дарамтад орж болно. Тиймээс зөвхөн хувь хүний сайн санаанд бус, сайн дүрэм, сайн тогтолцоонд тулгуурласан хамгаалалт шаардлагатай.
… төсвийн шийдвэрийн бодит урт хугацааны өртөг нь ихэнхдээ иргэдэд шууд харагддаггүй.
Иргэд төрөөс авч буй шинэ боломж, үйлчилгээ, дэмжлэгийг шууд хардаг. Харин түүнийг санхүүжүүлэх бодит үнэ нь ирээдүйн татвар, өрийн төлбөр, эдийн засгийн өсөлтийн боломж хумигдах хэлбэрээр хожим илэрдэг.
Сайн дүрэм гэдэг нь зөвхөн хуульд бичигдсэн хязгаарлалт биш. Энэ нь төсвийн сахилга бат, ил тод байдал, хяналт, хариуцлагыг хангах институцийн тогтолцоо юм.
Төсвийн дүрэм бодит хамгаалалт болох ёстой. Өрийн хэмжээ, алдагдал, зарлагын өсөлтөд тодорхой хязгаар байх хэрэгтэй. Гэхдээ дүрэм зөвхөн хуульд бичигдсэн байхад хангалтгүй. Түүнийг зөрчихөд бодит хариуцлага тооцдог механизм шаардлагатай.
…. Зөв тогтолцоо бүрдвэл улс төрийн богино хугацааны ашиг сонирхлыг урт хугацааны үндэсний ашигтай нийцүүлэх боломжтой.”