Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ.
Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэхээр тогтов.
Нийт 40 МВт дулааны цахилгаан станц бүхий Нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхэлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулна.
Жилд 600 мянган тонн хагас коксоор хийсэн шахмал түлш үйлдвэрлэх бөгөөд 2028 оны эхний хагас жилд багтаж хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлнэ.