Гадаадад амьдарч буй иргэд1 мин унших
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсэд ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсэд ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзаж, улс орныхоо өнөөгийн нөхцөл байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Төрийн тэргүүн иргэддээ суугаа орныхоо хууль, дүрэм журмыг чанд сахиж, эв нэгдлээ эрхэмлэн, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа. Мөн үр хүүхдүүддээ монгол хэлээ зааж, түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа өвлүүлэн үлдээж, Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхийн чухлыг онцоллоо.

АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байгаагийн 20 гаруй мянга нь Чикаго хотод төвлөрөн амьдарч байна. Энэ их айлын эрх ашиг, төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргаж байсан нь өнөөдөр бодит ажил хэрэг болон үргэлжилж байна.
Хилийн чанадад суугаа монгол хүн бүр эх орныхоо элч билээ. Та бүхэн минь тив дэлхийн хаана ч явсан улс Монголынхоо нэрийг өндөрт өргөж, эх орныхоо бахархал болж яваарай.





