Ахмадын эрх ашиг2 мин унших
Эрхэм хүндэт ахмад буурлууддаа ахмадын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье

Монгол Улсад жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдөр бол улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад настнуудын хөдөлмөр, зүтгэл, үнэт туршлагыг хүндэтгэн дээдлэхийн зэрэгцээ тэдний нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, амьдралын чанарыг дэмжихийн ач холбогдлыг сануулдаг өдөр юм.
Ахмад настнуудын хөдөлмөр, амьдралын туршлага нь өнөөгийн Монгол Улсын хөгжил дэвшлийн үнэт суурь билээ. Тиймээс ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахын зэрэгцээ эрүүл, идэвхтэй, бие даасан амьдрах орчин, нийгмийн оролцоо, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь төрийн бодлогын чухал зорилт байх ёстой.
Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй ахмад настны тэтгэвэр, орлогыг нэмэгдүүлэх төсвийн бодлогыг дэмжин ажиллахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэх хүсэл, боломжтой ахмад настнуудын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний мэдлэг, ур чадвар, туршлагыг эдийн засаг, нийгмийн хөгжилд үргэлжлүүлэн ашиглах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэлээр тууштай байр сууриа илэрхийлж байна.
Цаашид нийгмийн даатгалын тогтолцоог олон улсын чиг хандлагатай нийцүүлэх, тэтгэврийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ иргэн бүрийн хөдөлмөрлөсөн жил, төлсөн шимтгэлтэй нь уялдсан шударга, хүртээмжтэй тэтгэврийн тогтолцоог төлөвшүүлэх бодлогыг идэвхтэй дэмжин ажиллах болно.
Улс орныхоо хөгжил дэвшил, гэр бүл, нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, үнэтэй хувь нэмрээ оруулсан нийт ахмад буурлууддаа Ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан нас, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндлэлд амар амгалан, сайн сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүндэтгэсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.ҮҮРИЙНТУЯА


