Салбарын шинэчлэл3 мин унших
Иргэдэд хүртээмжтэй тусламж, үйлчилгээ, эмнэлгийн ажилтнуудад эрх зүйн баталгааг бүрдүүлнэ

Эрүүл мэндийн салбарт хүн амын насжилт нэмэгдэн, архаг өвчний тархалт өсөж, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж, санхүүжилтийн тогтолцоонд тулгамдсан асуудал үүсэж буй энэ үед мэдээллийн системийн уялдаа сул, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй зэрэг бодит асуудал бий болсон. Иймд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын Д.Ганмаа нарын гишүүд шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барьсан.
Мөн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан ахлан ажиллаж анхны хуралдаанаа зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан хэлэхдээ, энэ намрын чуулганаар эрүүл мэндийн салбарын суурь хуулиудыг хэлэлцэхээр товлосон нь салбарын эрх зүйн орчныг цогцоор нь боловсронгуй болгох чухал боломж юм. Иймд ажлын хэсэг хуулийн төсөл бүрийн зохицуулалтыг харилцан уялдуулж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хэрэгжүүлэх байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгоход анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.
Мөн хуулийн шинэчлэлийн үр дүн иргэний авч буй тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж болон эмнэлгийн ажилтны өдөр тутмын ажилд бодитоор мэдрэгдэх ёстой гэв.

Түүнчлэн иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй, хүлээгдэл, чирэгдэл багатай авах, оношилгоо, эмчилгээний тасралтгүй байдлыг хангах зохицуулалтыг сайжруулах нь чухал. Түүнчлэн иргэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарна.
Үүний зэрэгцээ эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын нийт ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, аюулгүй орчинд ажиллах, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, нийгмийн баталгаагаар хангагдах эрх зүйн үндсийг холбогдох хуулиудтай уялдуулан бэхжүүлэх шаардлагатай!
Эмнэлгийн ажилтны ажиллах нөхцөл, эрхийн баталгаа нь иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанартай салшгүй холбоотой. Ажлын хэсгийн хүрээнд бодит хэрэгцээнд тулгуурлан, хэрэгжих боломжтой, үр дүн нь хэмжигдэхүйц зохицуулалтыг боловсруулахын төлөө ажиллана гэв.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөлд туссан зохицуулалт:
| Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тогтолцоог хүн төвтэй, шатлал хоорондын уялдаа холбоо сайтай, тусламж, үйлчлигээний тасралтгүй байдлыг хангасан, чанартай, зохистой, аюулгүй байдлын стандартад нийцсэн хэлбэрээр шинэчлэх суурь өөрчлөлтийг тусгав. |
| Анхан шатлалын тусламж, үйлчилгээний чиг үүргийг бодлогын түвшинд бэхжүүлж, хоёр, гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээний чиг үүрэг, зохицуулалт, харилцан хамаарлыг хуульчлан тодорхой болгох, эмнэлгийн байгууллагын засаглал, удирдлага, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, үр дүнд суурилсан, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийн тогтолцоонд үе шаттай шилжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ; |
| Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүхийг нэвтрүүлж, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн оролцоог зохистой уялдуулах, эмчлүүлэгчийн эрх, оролцоог баталгаажуулах, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг салбарын институцийн суурь зохицуулалтыг иж бүрнээр тусгав; |
| Олон улсын сайн туршлагад нийцүүлэн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг баталгаажуулах, орон нутгийн хүн амд ойр, хүртээмжтэй, тэгш үйлчилгээг бий болгох эрүүл мэндийн даатгалд суурилсан худалдан авагч-үйлчилгээ үзүүлэгчийн харилцааг боловсронгуй болгох зохицуулалтыг тусгав; |
