УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
А.Ариунзаяа: Аппликейшны зээлийн асуудлыг цэгцлэхгүй бол шүүхийн ачаалал буурахгүй
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ариунзаяа:
Г.Тэмүүлэн сайдад байнгын хороон дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой асуудлыг ЗГ дээрээ хөндөж яриарай, энэ асуудлыг тодорхой болгож өгөөрэй гэдэг асуудлыг хэлсэн. Ярилцаж амжсан болов уу, амжаагүй болов уу гэдэг дээр нэг хариулт өгөх нь зүйтэй байна. Учир нь 27 оны төсвийн хэлэлцүүлэгирэх 7 хоногоос эхэлнэ. Хэрэв нийгмийн түншлэлийн хүрээнд байгуулсан хэлэлцээр хүчинтэй гэж үзэх юм бол 1 сая төгрөг, үгүй ээ гэвэл 792 мянган төгрөгөөрөө хэвээрээ үлдэнэ. Хэлэлцээрээ байгуулах процесс хийгдсэн. Хэд хоног хуралдсан, гарын үсгээ зурж, бичиг баримтаа солилцож, нийгмийн сүлжээнд хүртэл мэдээллүүдээ тавьсан. Гарын үсэг зурсан бичиг баримт дээрээ тамга дараагүй учраас ЗГ байр сууринаасаа буцаж байна аа гэдэг бол их буруу ойлголт. Тэгэхээр үнэхээр боломгүй ээ гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2 дахь заалтыг ашиглаж, ЗГ өөрөө санал санаачилга гаргаж, хэлэлцээрээ дахин байгуулж, түр царцаах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхдээ албан ёсоор хэлэлцээрээ дахиад байгуулахгүй бол яаж ч бодсон гарын үсэг зурж, бичиг баримтаа солилцчихоод тамга дараагүй гэдгээрээ хэлэлцээр байгуулаагүй ээ гэж зугтаж болохгүй. Маш ёс зүйгүй сонин асуудал болоод байна. Энэ хууль дээрээ хялбаршуулах хэргийг 15 сая төгрөгөөр тогтоож байгаа нь зөв. Яагаад гэхлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр авсан байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдлөх бүрд энэхүү хэмжээ нь нэмэгдээд шүүгчдийн ачаалал нэмэгдэж байгаа гэдэг нь үнэн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаад ажил олгогч болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид шууд нөлөө үзүүлдэг 15 хуулийн 45 заалт байгаа. Улсын төсөвт шууд нөлөө үзүүлдэг 10 хуулийн 22 заалт байгаа. Хуулийн хариуцлага хүлээдэг 16 хуулийн 254 заалт байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол зүгээр нэг цалин хөлсний асуудал огтоос биш. Уялдаатай байгаа асуудлуудыг тогтсон дүнгээр энэ хуультай адилхан өөрчлөх хэрэгтэй байна. Ялангуяа гадаадаас ажиллах хүч авч байгаа ААН байгууллагууд, зарим сайд нар өөрсдийнхөө хэрэгцээтэй гэж үзсэн салбаруудыг чөлөөлчихсөн. Цаана нь үлдсэн чөлөөлөгдөж чадаагүй ААН-үүд маш өндөр төлбөрийг төлөөд байгаа. Ялангуяа уул уурхайн салбар, барилгын салбар. Эдгээр асуудлуудыг бусад улс орны жишигтэй нийцүүлж тогтсон үнэ тарифтай байхгүй л бол болохгүй ээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах үүргийг хүлээдэг төр, хувийн хэвшил бүгдээрээ адилхан. Ажиллуулаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төлбөрийг төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээдэг. Энэ дүнтэй уялдаатай байгаа нь нийгмийн хариуцлагатай компаниудад өндөр ачаалал болоод байгаа.
