УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
А.Ариунзаяа: Оруулж ирсэн хуулийн төсөл нь олон хуулийн давхцалтай байна
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Салбараа мэдэж байгаа хүний хувьд үг хэлж, алдаа гарсан бол түүнийг нь тодруулж, залруулж байхгүй бол болдоггүй юм. Гэр бүлийн тухай хууль арай гэж нэг өргөн баригдаад, арай гэж нэг хэлэлцээд баталсан. Гэр бүлийн тухай хуульд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тухайн үедээ санал өгөөгүй байсан. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль гээд тусдаа хууль ороод ирж байгаа. Гэр бүлийн хөгжлийг дэмжих гээд байгаа юм уу гэхлээр хөгжилтэй холбоотой цөөхөн,бараг заалт байхгүй дээ. Өөр бусад хуулиуд дээр байдаг бүхий л заалтуудыг одон медаль, хөдөлмөрийн хууль юу байдаг юм бүх юмнуудыг нийлүүлээд чихээд оруулаад ирчихсэн. Миний бодлоор энэ хуулиа эргүүлж татаад чухал заалтуудыг Гэр бүлийн тухай хуульд оруулчихмаар байгаа. Халамжийн сангаас хүүхдүүдэд, ээжүүдэд олгодог тэтгэмжийг л нэршлээр нь салгаж байгаа болохоос биш Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар хариуцдагаараа хариуцна. Төсөв, ачааллыг нь даадгаараа даана. Ямар ч бодлогын өөрчлөлт байхгүй. Энэ хууль дээрээ өөр хуулиудаар зохицуулагддаг асуудлуудыг оруулсан байна. Хөдөлмөрийн тухай хууль, нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, нийтээр амрах өдрийн тухай хууль, гэр бүлийн өдөртэй болох гээд өөрчлөлт оруулж байгаа юм уу гэхлээр тийм биш. Гэр бүлийн өдрийн тэмдэглэлт тов гэдэг ч юм уу тийм асуудал нэг ч ороогүй. Бидний маргаан болоод байдаг ажлын өдөр нийтээр амрах өдөр таарвал яах вэ гэдэг асуудлыг оруулсан байгаад байгаа. Тэр чинь тусдаа хуулиар зохицуулагддаг. Авто тээврийн ерөнхий газраас азын дугаар дуудлага худалдаагаар борлуулдаг орлогыг хүүхдийн төлөө санд төвлөрүүлдэг. Улсын төсвөөс мөнгө тавьдаг байх, Хүрэлсүх сайд тухайн үедээ 10 тэрбум төгрөгийг шийднэ гээд алх цохиж байсан. Тэр бас ороогүй. Хүүхдийн төлөө сангийн орлого нь зөвхөн тэр азын дугаараас л бүрдэж байгаа. Гэтэл авто тээврийн хуулиар та нарт мөнгөө өгөхгүй ээ гээд шийдчихсэн юм байна. Хэзээ тэгээд шийдчихсэн юм. Мөнгөө булаацалдаад Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг дагуулж авто тээврийн тухай хуульд дахиад өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна. Миний мөнгө чиний мөнгө гээд энэ мөнгийг булаацалдаад байгаа юм байна. Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа иргэд олон нийтэд сайн хүрэхгүй тодорхой бус байгаа учраас Зам тээврийн сайд ч гэсэн энэ мөнгийг та нарт өгөхгүй гэж л хандаж байна.
