УИХ-ын үйл ажиллагаа3 мин унших
П.Сайнзориг: Гэр бүлийг насаар нь ялгаж бодлого явуулдаггүй!
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Нэгт, Хүүхэд төрөхөөс нь өмнө хэн байхыг өчигдрийн нийгэм юу бүтээж, ямар хандлагаар асуудалд хандаж байгаагаар шийдэгдчихсэн байдаг. Тийм учраас суурь гэр бүлийн хамгааллын асуудал дээр ойлголт болон хандлагын өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй. Уламжлалт зарим зүйлүүд асуудлыг улам дэвэргэнэ үү гэхээс шийдэж байгаа юм байхгүй. Тэгэхээр үүнийг бодож энэ хуулиудыг зайлшгүй хийхээр байгаа. Бага насны буюу 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүд эсвэл аавуудад ямар дэмжлэг байгаа вэ? Энэ бол хүүхдийн цаашдаа хөгжлийн асуудал нь шийдэгдэж байгаа. Эрүүл өсөх үү, бойжилт, өсөлт яаж явагдах вэ гээд . Тэгэхээр 24/7 ажиллаж байгаа ээжүүд аавууд дээр ямар дэмжлэг байна. Битгий мөнгөний дүн хэлээрэй, ямар дэмжлэгүүд байгаа юм? Тэдэн төгрөг өгөх гэж байгаа гэдэг биш бодит ямар дэмжлэгүүд байна? Цэцэрлэгийн бодлого чинь энд орж ирж байгаа юу, боловсролын яамтай ярьсан юм байна уу? Энэ зүйлүүдийг нэгдүгээрт асууя.
Хоёрт, Монгол Улсад нэг хүүхдийг өсгөхөд жилд хэчнээн төгрөг гэр бүл дээр зардал гардаг юм бэ? Өрхийн орлогын минимум зардал хэд байдаг юм бэ? Энэ орлого буюу хүүхдийг өсгөх мөнгөн дүнгээ бүрдүүлж чадахгүй, орлогоо бүрдүүлж чадахгүй байгаа гэр бүлүүдэд ямар дэмжлэг байх юм? Бусад оронд ээж аав нь хөдөлмөр хийгээд, хөдөлмөрлөсөн цалин хөлсний орлого нь хүрэхгүй бол төрөөс нь дэмждэг. Цэцэрлэгт нь хүрэхгүй бол дэмжинэ, хоол хүнсэнд нь хүрэхгүй бол дэмжинэ. Тэгэхээр бид яг эсрэгээрээ. Хөдөлмөр хийхгүй байж болно дэмжинэ л гээд байдаг. Бодлогын юм уу, хандлагын өөрчлөлт байна уу? Цус ойртолт буюу хүн ам зүйн бодлогын асуудал харагдахгүй байна. Гэр бүлийн хөгжил гэдэг бол гэр бүлийн төлөвлөлтөөс шалтгаалж байгаа. Жишээ нь Солонгост ургийн овог ижил хүмүүс юм уу цусан төрлийн хүмүүс мэдсээр байж суух юм бол төрийн үйлчилгээ үзүүлэхгүй гэдэг заалттай. Өнөөдөр хүн ам зүйн асуудал дээр хорт хавдар ч гэдэг юм уу өвчлөлийн маш олон хүчин зүйлүүд чинь цус ойртолтоос шалтгаалаад байгаа шүү дээ. Энэ дээр ямар бодлого байгаа юм?
Гуравт, ЭМД-ыг ээж аав нар нь ч юм уу гэр бүлийн гишүүдийн насанд хүрсэн хүмүүс нь төлчхөж байгаа. Үүнийг ашиглая гэхээр болдоггүй. Гэр бүлийн багцаараа хэрэглэх, үр хүүхдүүдийнхээ эмчилгээний зардалд ашиглах. ЭМД-ын систем дээр үүнийг тодорхой түвшинд зохицуулалт хийх бололцоо байгаа юу? Гэр бүлийг дэмжих төвүүд хэрэгтэй гэхдээ одоо шинээр байшин барилга барихгүй ээ. Орон нутагт байгаа Соёлын төв, янз янзын өргөөнүүдийг ахмадууд ч үйлчлүүлчихдэг, гэр бүл, шинэ ээжүүд ч ороод зөвлөгөө авчихдаг, гэр бүлийн хооллолт, гэр бүлийн төсвийн зардлыг яаж зөв хуваарилж явах вэ гэдэг дээр санхүүгийн зөвлөгөө ч авчихдаг ийм үйлчилгээ үзүүлэх бололцоо байх уу. Бусад оронд байдаг.
