
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу "Тендерийн хууль" гэж онцолж буй энэ хуулийг өргөн мэдүүлэх болсон гол шалтгаан, хэрэгцээ шаардлагыг Та хэрхэн харав?
Монгол Улсын урт хугацааны урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д төрийн худалдан авалтаар бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, төрийн худалдан авалтыг ногоон худалдан авалтад үе шаттайгаар шилжүүлэхээр тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжих, худалдан авах ажиллагааны тогтолцоог оновчтой болгох, хиймэл оюуныг ашиглах, том төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Гэвч худалдан авах ажиллагааны өнөөдрийн бодит нөхцөл байдал нь оролцогчдод тавих шаардлага, тендерийн баталгаа, татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй холбоотой шалгуур нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тендерт оролцох боломжийг хязгаарлах нөхцөл болж байна.
Сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн тоо буурч, оролцогчгүй тендерийн тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд 2024 онд нийт тендер шалгаруулалтын 44 хувь нь амжилтгүй болж дахин зарлагдсан. Тендер шалгаруулалтад оролцох болон зохион байгуулахад зардал, цаг хугацаа их шаардагдаж, тендерийг давтан зохион байгуулж байгаа нь төлөвлөсөн ажлыг хугацаанд нь хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Үүний зэрэгцээ цахим дэлгүүр дэх бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, захиалагчийн хэрэгцээг бүрэн хангахгүй, том төслүүдийн тендер шалгаруулалт гэрээ байгуулах зохицуулалт уян хатан бус байгаа. Түүнчлэн худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт болон гомдол, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн.
“Төрийн худалдан авах ажиллагааны тухай” хэмээн хуулийн төслийн нэрийг нь өөрчлөх болсон шалтгаан?
Энэ хуулийн төслөөр төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компани төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн худалдан авах ажиллагааг зохицуулж байгааг харгалзан “Төрийн худалдан авах ажиллагааны тухай” хэмээн нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.
Төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, цаг хугацаанд нь шуурхай байдлаар төсөвт өртөгт нь багтааж, ил тод, нээлттэй, хариуцлагатайгаар хийдэг болох асуудалд Тендерийн хууль ямар “хариулт” өгөх вэ?
Нэгт, өнөөгийн тендерийн тогтолцоо төсвийн бодлогыг бараг зургаахан сарын настай болгож байна. Иргэдэд хэрэгтэй олон төсөл, хөтөлбөр тендерээс шалтгаалан хэрэгжихгүй удааширч, он дамждаг. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсвийг "таргалуулах" нөхцөлийг тендерийн тогтолцоо өөрөө бий болгож байна. Компаниуд хамгийн бага үнийн санал өгч тендерт шалгардаг ч ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэггүй, чанаргүй хийдэг. Улмаар төсөл хоёр, гурван жилээр сунжирч, төсвийг дахин магадлуулан нэмэгдүүлдэг байдал бараг тогтсон үзэгдэл болсон!
Хоёрт, хувийн хэвшил хоорондоо шантааж хийх нөхцөл тендерийн тогтолцоонд бий болсон. Тендерт ялагдсан компаниуд гомдол гаргаж, шалгарсан компанийн ажлыг удаашруулах, улмаар шан харамж нэхэх зэрэг үйлдэл практикт түгээмэл болсон. Энэ нь бизнесийн хэвийн орчныг алдагдуулж, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулж байна. Иймээс энэ тогтолцоог засаж, сайжруулах шаардлагатай гэж үзсэн.
Гуравт, жижиг дунд ААН байгууллагуудыг тендер худалдан авалтын өрсөлдөөнд оролцох боломжийг нэмэгдүүлэх ёстой. Ингэхдээ, татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй гэж оролцогчийг тендерээс шууд хасчихдаг байсныг болиулж байгаа. Аливаа оролцогч тендер шалгаруулалтад оролцоход татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр, төлбөртэй байж болох бөгөөд гагцхүү шалгарсан оролцогч худалдан авах гэрээ байгуулах үед холбогдох өр, төлбөрийг төлсөн байхаар өөрчилж байна. Ингэснээр оролцогчдын тоо бууруулдаг байдлыг хална!
Дөрөвт, тендер худалдан авалтын бодлогоор сургуулиа дөнгөж төгссөн залуучуудыг сургаж байгаа, үүнд цалин хөлс, тодорхой хэмжээний санхүүгийн нөөцөө зарцуулж буй ААН байгууллагуудыг урамшуулна. Мөн чанар, стандартад нийцсэн ажлуудыг нь тодорхой худалдан авалтаар дэмжих юм.
Тавт, худалдан авах ажиллагааны дөрвөн арга хэрэглэдэг байсныг зургаа болгож байгаа. Аль болохоор чанартай бүтээгдэхүүнийг хямдаар авах тэр бололцоонуудыг эрэлхийлэх ёстой. Хэлэлцээний аргын хүрээнд техникийн нөхцөлүүдийг нь сонсоно. Улмаар энэ нөхцөлөөр нь ямар үнэ өгч чадах вэ гэдэг уралдуулах зарчмаар явна. Ингэснээр илүү чанартай тэгсэн мөртөө боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийг авах боломж бүрдэх юм.

Зургаад, Маргааны шийдэх процессыг ил тод, хараат бус институтээр буюу маргаан таслах зөвлөлөөр шийдүүлнэ.
Түүнчлэн төрд компьютер, принтер зэрэг энэ зүйлүүдийг худалдаж авах шаардлагагүй. Зөвхөн түрээсээр шийднэ. Тодруулбал, үндэсний аюулгүй байдал болон зайлшгүй шаардлагатай тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас бусад төрийн байгууллагууд компьютер, принтер зэрэг техник, тоног төхөөрөмжийг худалдан авах биш, түрээсийн хэлбэрээр ашиглах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр төрийн зардлыг бодитоор бууруулах боломжтой.
Тендерийн сонгон шалгаруулалтыг шилэн болгох, цахимаар явуулах талаар зохицуулалтыг тусгасан уу?
Тийм. Тендер шалгаруулах процесст хиймэл оюуныг ашиглах заалтуудыг оруулж ирж байгаа нь шинэчилсэн найруулгын гол онцлог. Тухайлбал, хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлэх тухай асуудал. Тодруулбал, техник технологийн хурдтай хөгжлийг дагаж худалдан авах ажиллагаанд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн үг. Цаашид хиймэл оюуныг бараа, ажил, үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх, тендер нээх, тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх, тендер шалгаруулалтын мэдээллийг ил болох, энэ хуульд заасан хураангуй жагсаалт үүсгэхэд ашиглах замаар худалдан авах ажиллагаанд хүний оролцоог бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй зохицуулалт хуулийн төсөлд хэрхэн тусав?
Залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдэд тендерийн үнэлгээнд давуу тал олгохоор тусгасан. Нэг үгээр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулж байгаа ААН байгууллагуудыг дэмжье гэсэн санаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань халамж гуйгаагүй. Гагцхүү тэдгээр хүмүүс тогтвортой ажлын байрыг л хүсэж байгаа шүү дээ. Иймд энэ ажлын байрыг нь бий болгож байгаа ААН-үүдийг дэмжих нь чухал. Нийгэм тэр чигтээ хөдөлмөрлөх сонирхолтой байна. Төрөөс их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгож, тоног төхөөрөмжөөр хангаж байгаа мөртөө гарсан бүтээгдэхүүнийг нь худалдан авалтаар дэмжихгүй бол бодит үр дүн авчрахгүй байгааг шийдэж байна гэсэн үг.
Мөн аймаг, сумандаа хүнсний ногоо тариалж, мал аж ахуй эрхэлж, ферм ажиллуулдаг иргэд ядаж сургуулийн хоол үйлдвэрлэлийн тендерт оролцох боломжтой байх ёстой. Иймээс уг хуулиар орон нутгийн үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, орон нутгийн бизнесийг өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан. Иргэд, аж ахуйн нэгжүүд бараа, ажил, үйлчилгээгээ цахим дэлгүүрт байршуулж, төр шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг ил тод шалгуураар сонгон худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.