
Үндэсний номын сангийн эрх зүйн байдлыг бие даасан хуулиар зохицуулах хуулийн төсөл боловсруулан цахимд байршууллаа. Номын сангийн тухай хуулиас тусдаа, бие даасан хуультай байх ёстой гэж яагаад үзэв?
Үндэсний номын сан бол зөвхөн ном хадгалдаг газар биш. Монголын ард түмний түүх, бичиг соёл, оюуны өвийг хадгалж, хамгаалан, хойч үедээ өвлүүлэн үлдээх үндэсний хэмжээний чухал институц юм. Өнөөдөр Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, чиг үүргийг Номын сангийн тухай хууль болон холбогдох дүрмээр зохицуулж байгаа хэдий ч нийгмийн хөгжил, технологийн өөрчлөлт, номын сангийн орчин үеийн чиг хандлагатай уялдуулан эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой, нарийвчилсан болгох шаардлага бий болсон.
Номын сангийн тухай хууль анх 2014 онд батлагдсан. Энэ хуулиар Үндэсний номын сангаас эхлээд сумын номын сан хүртэлх бүх номын сангийн асуудлыг зохицуулдаг. Гэтэл тус хуульд Үндэсний номын сангийн тухай асуудал маш товчхон буюу нэг бүлгийн гурван зүйлд багтдаг. Дээрх хууль батлагдсанаас хойш 12 жил өнгөрлөө. Энэ хугацаанд салбарт цахим номын сангаас эхлээд техникийн дэвшил нэлээд гарсан. Үүнээс гадна нийгмийн хөгжлийг дагаад уншигчдын хэрэгцээ, сонирхол ч ихээхэн өөрчлөгдсөн. Иймд энэ хуулийг том зургаар нь эргэн харах шаардлага үүссэн.
Бидний хувьд Номын сангийн тухай болон Үндэсний номын сангийн тухай гэсэн хоёр хуулийн төсөл дээр ажиллаж байна. Үндэсний номын сангийн тухай хуулийн төсөл түрүүлж боловсруулагдаж дууссан. Есөн бүлэг, 40 гаруй зүйл, заалт бүхий уг хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудсанд байршуулж, иргэд, олон нийтээс санал авч байна. Номын сангийн тухай хуулийн төсөл ч тун удахгүй Цахим парламентад байршина.
Эдгээр хуулийн төсөл дээр таван жил ажиллаж, мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, санал авч ажиллаж байгаа. Энэ салбарт хуулиар зохицуулах шаардлагатай ямар асуудлууд хөндөгдөж байна вэ?
Шинэ хэрэгцээ, шаардлага тулгарч, шийдвэрлэх асуудал олон бий. Их, дээд сургуулиудын номын сангууд томорч, өргөжсөн. Тухайлбал, би өөрөө МУИС-д ажиллаж байхдаа шинэ номын сангийн барилгын шавыг тавилцаж, ашиглалтад оруулахад нь хамтран зүтгэж явсан. Энэ бол дэвшил. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулиуд номын сантай. Гэвч эдгээр номын сангийн үйл ажиллагааг ямар хуулиар зохицуулах нь тодорхойгүй, боловсролын бус, соёлын асуудал гэх мэтээр ярьж, орхигдуулах тохиолдол гардаг. Жил бүр төсөв хэлэлцэх үеэр сумын номын санд шинээр ном авч, сан хөмрөгийг нь баяжуулах санхүүжилтийг хаанаас гаргах нь тодорхойгүй байдаг. Бүр 20,000 төгрөг төсөвлөх асуудал үүсдэг нь нууц биш. Энэ мэтчилэн хуулиар цэгцэлж, тодорхой болгох шаардлагатай олон асуудал байна.
Үндэсний номын сангийн тухай хуулийн төсөлд ямар гол зохицуулалтууд туссан бэ?
Хуулийн төсөлд Үндэсний номын сангийн статус, удирдлага, үйл ажиллагааны зарчим зэрэг бүх асуудлыг нарийвчлан тусгасан. Тухайлбал, ямар нэгэн иргэн өөрийн эзэмшлийн маш ховор номыг дуудлага худалдаагаар олон нийтэд худалдахаас өмнө Үндэсний номын санд давуу эрх олгож, урьдчилан мэдээлэх зохицуулалт оруулсан. Ингэснээр тухайн ном Үндэсний номын санд шаардлагатай эсэхийг мэргэжлийн экспертүүд томилогдон үнэлж, үнэхээр ховор нандин, манай улсад нэн шаардлагатай бүтээл мөн эсэхийг тогтоох боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, номын сангийн сан хөмрөгийг баяжуулахтай холбоотой асуудлыг тодорхой зохицуулахаар тусгасан.
Үндэсний сан хөмрөг, ховор нандин ном судар, баримтат болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр ямар зохицуулалт оруулсан бэ?
Зуун зуун жил хадгалагдсан Монголын судар бичгүүдийг төр хамгаалах ёстой. Тэдгээрийг хэрхэн хамгаалах, сэргээн засварлахдаа юуг анхаарах, дотоодын болон олон улсын үзэсгэлэнд хэрхэн ашиглах зэрэг бүх асуудлыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Мөн Үндэсний номын санг татан буулгах, өөрчлөн байгуулахыг хориглоно гэсэн зохицуулалт оруулсан.
Түүнчлэн Үндэсний номын сан болон бусад томоохон музейд Монгол судлалын чиглэлээр судалгаа хийж, номын санчаар ажиллаж буй шинжлэх ухааны олон ажилтан бий. Соёлын сайдаар ажиллаж байсан хүний хувьд эдгээр хүмүүсийг шинжлэх ухааны ажилтны статустай байлгах ёстой гэж үзэж байгаа. Зөвхөн үйлчилгээний ажилтан гэсэн статустай байх нь өрөөсгөл юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдол гарах вэ?
Би хэдхэн сарын өмнө Үндэсний номын санд очиж ажилласан. Барилга байгууламж нь хуучирч, дээврээс нь бороо нэвчсэн байдалтай байна. Гэтэл тус номын сангийн сан хөмрөгт маш үнэ цэнтэй судар бичиг, шинжлэх ухаан, анагаах ухаан, одон орон судлалын эртний баримт бичиг олон бий. Эдгээр үнэт өвийн хадгалалт, хамгаалалтын төсвийг тодорхой болгож, энэ чиглэлд төрийн хүлээх хариуцлагыг нарийвчлан тогтоох шаардлагатай.
Үүнээс гадна номын сангийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг болох номын сан хөмрөгийг шинээр баяжуулах, номоо хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, актлах зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан. Түүнчлэн Үндэсний номын сан ямар ажил хийх, олон нийтэд ном унших соёлыг хэрхэн төлөвшүүлэх, шинжлэх ухаан болон соёлын ажлыг хэрхэн зохион байгуулах зэргийг тус бүрд нь зааж өгсөн. Ингэснээр номын сангийн үйл ажиллагаа илүү тодорхой болж, олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй үйлчилгээгээ өргөжүүлэх боломж бүрдэнэ.
Нийгэмд шийдлээ хүлээж буй маш олон асуудал бий. Гэхдээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хувьд онцгой чухал субъектуудын нэг нь Үндэсний номын сан юм. Тиймээс энэ байгууллагад анхаарал тавихгүй байж болохгүй гэж харж байна. Мөн орчин үеийн дэвшилтэт технологийг номын сангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, түүх, соёлын өвийг судалгааны эргэлтэд оруулж, иргэд, судлаачдын хүртээл болгох зорилготой. Түүнчлэн гэр бүл, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг зорьж байна.