VIP зочин

Хөгжлийн бэрхшээлийг өвчний оношинд тулгуурлаж үнэлдэг арга хоцрогдсон. ICF нэвтрүүлснээр хөдөлмөрийн чадвар алдалтыг бодитоор үнэлэх боломжтой

О.СаранчулуунМонгол Улсын Их Хурлын гишүүн

10 мин унших

О.Саранчулуун
Vip76Vip Зочин

2027 оны батлагдсан төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүнд шууд чиглэсэн хөрөнгө оруулалт болон шийдлүүдийг хуваалцвал?

Юуны өмнө 2026 оны улсын төсвийн тодотголоор бид голдуу хүртээмжийн асуудлаар нэлээдгүй саналууд өгч зарим нь дэмжигдээд явсан. Нарийн тоо гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь хүртээмж, саадгүй орчин гэдэг чиглэлийн зардлын ангилал байхгүй хэрэг. Гэхдээ төсвийн захирагч нар хүртээмжийн тухайд тодорхой хэмжээнд анхаарч байгаа гэдэг хариу өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай 0-16 настай хүүхдийн мөнгөн тэтгэмж 330 - 470 мянган төгрөг байсныг амьжиргааны баталгаажих доод түвшинд буюу 600 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн. Энэ бол чухал том өөрчлөлт. Гэхдээ нөгөө талдаа халамжийн мөнгийг ийн нэмэгдүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань “хөгжөөд сайхан болчихно” гэсэн үг огт биш. Хамгийн чухал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадварт чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх нь нэн чухал. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулбал ажил олгогчийн шимтгэлийг 5 жилээр тэглэсэн байгаа. Энэ бол маш том ахиц юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадварт чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх нь нэн чухал!

Бизнес эрхлэлт талыг нь аваад үзвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чаддаг хэр нь маркетинг борлуулалтаа хийх тал дээр учир дутагдалтай байдаг. Нөгөө талдаа төрийн худалдан авах систем нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хийсэн бараа, бүтээгдэхүүнийг таньж авахад хэцүү байдаг. Хувь хүн, ААН байгууллагууд ч тухайн бараа бүтээгдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүн хийсэн гэдгийг таньж чаддаггүй. Үүний сацуу банкнууд зээл олгохдоо хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүн хийсэн гэдгийг ялгахад ч хэцүү байдаг. Энэ ялгамжийг бүх салбарт ойлгомжтой болгох үүднээс "Шошго" төслийг санаачлаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хүрээндээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлдвэрлэв" гэдэг шошгыг гаргаад оюуны өмчийн газар хүсэлтээ өгөөд явж байгаа. Эхний ээлжид туршилтын шугамаар Төрийн банк шошготой бүтээгдэхүүн гаргаж буй иргэд рүү чиглэсэн зээлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Цаашлаад энэ маань Голомт банк дээр хэрэгжинэ. Улсын төсөв гэж асуусан таны асуултад 2026 оныг тоймлоход ийм байна.

2027 оны улсын төсөвт урсгал зардалд 30 гаруй тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад мөн дүйцэхүйц тэрбум төгрөгийн буюу өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийт төсөв 60 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт суусан. Үүнд, нэгт, 116 болон 70 дугаар тусгай сургуулиудын орчин нөхцөлийг сайжруулах их засварын ажлууд хийгдэнэ. Хоёрт, хүүхдийн асрах, сувилахуйн эмнэлэг гэх зэрэг 4 төсөлд хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Гуравт, туслах технологи буюу сэргээн засах чиглэлд шинэ төвтэй болох зорилго тавьсан. Манай улсын сэргээн засах бүтцэд хиймэл хөл, гар, улавч, нуруу хүзүүнд зүүдэг бэхэлгээг хийдэг. Ингэхдээ нөгөө хүндээ хэрхэн яаж зүүхийг нь нарийвчлан зөвлөн сургах, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засаж, сэлбэх тогтолцоо байхгүйгээр өнөөдрийг хүрсэн. Нөгөө талдаа туршлага, технологийн үндэсний жагсаалт гэж манайд байдаггүй. Энэ ажлыг ерөнхийдөө хийж дуусгаад, төсвийн хөрөнгө оруулалтад суулгасан. 2027 онд бид Сэргээн засах, туслах технологийн төвтэй болох эхний алхам хийгдсэн. Үүнийг маш том өөрчлөлт гэж харж байгаа. Дөрөвт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм, эдийн засаг, амьдралын чадавхыг харуулсан томоохон хэмжээний түүвэр судалгааг хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний өртөг болох 600 сая төгрөг төсөвт суусан.

Хөгжлийн бэрхшээлийг өвчний оношинд тулгуурлаж үнэлдэг арга хоцрогдсон. ICF нэвтрүүлснээр хөдөлмөрийн чадвар алдалтыг бодитоор үнэлэх боломжтой

Сүүлийн үед ХБИ-дэд хүртээмжтэй, ээлтэй нийгэм бүтээнэ гэж их ярих болсон. Үүний тулд эхлээд нөхцөл байдлыг нь бодитоор үнэлэх хэрэгтэй гэдгийг олон улсад ярьж байна?

Жишээлбэл, гуя хэсгээ тайруулсан хүнд тохирдог протез,  өвдөг хэсгээ тайруулсан хүнд тохирдог протез хоёр хоорондоо тэс өөр. Энэ мэтийг ялгаж салгасан судалгаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй байх жишээний. Мөн хөдөлмөрийн ур чадвар, хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт хоорондоо өөр шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй байх, хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг ялгаж, салгах нь нэн чухал байна. Өнөөдрийн манай тогтолцоо дээрх хоёр ойлголтыг нийлүүлчхээд хөдөлмөрийн чадвар алдалтын зэргийг 50, 60, 70 гэх мэтээр хувилаад явж байгаа. Нэг үгээр хэлбэл хөгжлийн бэрхшээлийн хувьд л зарим функц нь дутагдсан болохоос хөдөлмөрлөх чадвар нь алдагдаагүй гэдгийг ялгаж харах боломжгүй болчхоод байгаа. Үүнийг өөрчлөхийн тулд тогтолцооны шинжтэй улсын төсөвт үйл ажиллагаагаар бус олон улсын байгууллагын дэмжлэгээр хийгдсэн олон ажлуудыг дурдаж болно. Үүний нэг нь ICF буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг оношлох, хэрэгцээг тодорхойлох ОУ-ын ангиллыг нэвтрүүлэх ажлыг ДЭМБ-ийн тусламжтай орчуулаад бүрэн дуусгасан. Үүнийг Монголдоо хэрхэн нутагшуулах юм гэдэг газрын зургийг нь Засгийн газарт гаргаад өгчихсөн.

ДЭМБ-аас гаргасан ICF ангиллын эх хувилбар буюу эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох, хэмжих олон улсын стандарт. ICF нэвтрүүлснээр хөдөлмөрийн чадвар алдалтыг бодитоор үнэлэх боломж бүрдэнэ.

Хүн ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо гэж бодьё. Харин үүний дараа чаддаг байсан зүйлээ хэрхэн өөр аргаар чаддаг болох вэ гэдгийг нь заахын тулд урт хугацааны сэргээн засалт чухал байдаг. Дэлхийн олон улс орнуудад сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хөдөлмөрийн сэргээн засалт гэдэг үндсэн гурван ойлголтод тулгуурлан сэргээн засах үйлчилгээг иргэддээ үзүүлж байна. Үүнээс манай улс зөвхөн эрүүл мэндийг нь сэргээн засаад сэтгэл зүй, хөдөлмөрийг нь сэргээн засах чиглэлд дорвитой ажил хийж ирээгүй. Дээр хэлсэн гурвыг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд ICF гэдэг зүйлээр тухайн хүнийг үнэлж, оношилно гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлийг зөвхөн өвчний оношинд тулгуурлаж үнэлдэг арга хэдийн хоцрогдсон. Үүнд хамгийн бодитой, голч хариулт өгдөг аргачлал бол ICF юм.

Улмаар тухайн иргэнд тохирсон эрүүл мэнд, сэтгэл заслын арга хэлбэр цаашлаад тохирсон сургууль, ажил, боловсрол гэх мэт зүйлс маш тодорхой болж ирнэ. Үүнийг нэвтрүүлчихвэл 3-5 жилийн дараа буюу шинээр оношлогдсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань нийгмийн амьдралаас алсрах нь эрс багасна. Хамгийн чухал нь нөгөө бидний ярьдаг халамжаас хөдөлмөрт гэдэг тогтолцоо утгаараа бодит ажил хэрэг болно хэмээн харж байгаа. Энэ ажил маань 2025-2026 онуудад дамнан хийгдсэн болно.

Түүнчлэн энэ он дуусахаас өмнө хийх ажил байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагч өөрийгөө нотлохын тулд хавтас дүүрэн бичиг баримт авч явдаг. Харин олон улсын жишгээр асран хамгаалагчийн үнэмлэхтэй болчихвол олон давуу тал гарна. Энэхүү шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн. 12-р сарын 03-наас өмнө бодит ажил хэрэг болгохоор шамдан ажиллаж байна. Миний хувьд энэ асуудлыг олон жил ярьж ирсэн. Гаргасан санаачилгыг маань Монгол Улсын Засгийн газар дэмжиж, ажил хэрэг болгохоор ажиллаж буйг хэлэх нь зүйтэй. Ер нь эдгээр ажлуудтай санаачилсан хуулийн төслүүд маань том зургаараа холбогдоод л явна.

Нийгмийн ажлын тухай хуулийг санаачлан өргөн барьсан. Энэ хуулийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн харсан вэ?

Хүний амьдралд зовлон, жаргал хослон байдаг. Зарим нь хүндээр өвдөж, зарим нь ямар нэгэн осол бэртлээс улбаалан хөгжлийн бэрхшээлтэй болж, гэнэтийн үхэл хагацал гэх зэрэг түмэн асуудалтай л бид нүүр тулгардаг. Өнөөдрийн манай нийгэмд хүн бүр сэтгэл зүйн ганцаарчилсан тусламж, үйлчилгээг авах боломж тэр бүр хомс. Учир нь сэтгэл зүйн үйлчилгээ нь өртөг өндөртэйн дээр мэргэжлийн сэтгэл зүйчид хороо, дүүрэгт тэр бүр байхгүй.

Нийгмийн ажилтны хэрэгцээ шаардлага өндөр орнуудын нэг нь Монгол. Тэд ихэвчлэн хүүхдийн болоод гэр бүлийн хүчирхийллийн “Улаан фронт”-д ажиллаж, өөрийгөө хамгаалж чадахгүй болсон эмзэг бүлгийн иргэдтэй нүүр тулж ажилладаг.

Бусад улс орнуудын түүхэнд их хямралын цаг үеүдэд нийгмийн ажилтнууд нь тухайн нийгмээ эмчилж ирсэн байдаг. Монгол Улс яг энэ бодлогоор 20 жилийн өмнөх шилжилтийн дараах нийгмийн хямралыг даван туулах зорилгоор нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийг бодлогоор бий болгож, олон улсад байдаг стандартын дагуу сургалтыг явуулж эхэлсэн түүхтэй. Ингэхдээ 14 их, дээд сургуульд нийгмийн ажилтан гэх мэргэжлийг дөрвөн жилийн хугацаатайгаар эзэмшихийг боловсролын системд суулгасан. Гэсэн ч анх орж ирсэн зорилгынхоо дагуу нийгмийн ажлын “мэргэжлийн үйлчилгээ” үзүүлэх эрх зүйн боломжгүй нөхцөлд 6 мянга орчим нийгмийн ажилтан өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Энэ 6 мянган хүний цалин хөлс, зэрэглэл, нийгмийн баталгаа нь шийдэгдээд ирвэл утгаараа мэргэжлийн түвшиндээ ажиллаж, нийгмийнхээ эмзэг бүлэгт үзүүлэх үйлчилгээний чанар нь эрс сайжрах юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ч нийгмийн сэргээн засах руу оруулах боломжтой болно. Нэг үгээр хэлбэл, Нийгмийн ажлын үнэ цэн "ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ" бодлогын чухал хэсэг байхад оршино. Иймд миний бие А.Ариунзаяа нарын 24 гишүүдийнхээ хамтаар Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд ажлын хэсэгт томилогдоод ажиллаж байна.

Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд ороход илүү таатай орчин бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Хууль батлагдвал ямар эерэг үр дүн гарах вэ?

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, 0–3 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүмүүст төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан. Товчхондоо энэ маань бүх нийтийн амьдрах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой хууль гэж хэлж болно. Уг хуулийн төсөл маань салбарын яам дээр 4-5 жилийн өмнөөс явж ирсэн. Энэ ч утгаараа хуулийн төсөлд маш олон тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань өөрсдийн санал, санаачилгыг дэвшүүлж оруулсан. Үүн дээр манай ажлын хэсэг сүүлийн хоёр жил ажиллаад, УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн манлайлал дор бусад 32 гишүүнтэйгээ хамтарч өргөн барьсан. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үндсэн чиг үүрэг болох хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж, саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг сайжрах, төрийн байгууллага, албан тушаалтны эрх үүрэг тодорхой болсноор хуулийн болон чиг үүргийн давхардал, хийдэл арилна. Хууль батлагдсанаар мэдээллийн сан дотор цоо шинэ нэр томьёонууд орж ирнэ. Тухайлбал, “хүртээмж, саадгүй орчин, туслах технологи, зохих тохируулга” гэх мэт нэр томьёонууд орж ирнэ. Мөн 26 хуульд дагалдах өөрчлөлтүүд орно.

Хөгжлийн бэрхшээлийг өвчний оношинд тулгуурлаж үнэлдэг арга хоцрогдсон. ICF нэвтрүүлснээр хөдөлмөрийн чадвар алдалтыг бодитоор үнэлэх боломжтой

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-ын 20 жилийн ойн конвенцын хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

Улсын Их хурал дээр Нийгмийн халамжийн тухай хууль явж байгаа. Ажлын хэсгийг А.Ариунзаяа гишүүн ахалж, ажлын хэсгийн гишүүдэд болон миний бие болон Ж.Баясгалан нарын гишүүд ажиллаж байгаа. Энэ хуулийн гол зорилго нь иргэний бие даан амьдрах чадварыг нь дэмжье, мөнгөн бус үйлчилгээ рүү шилжье гэдэг агуулгатай. Миний хувьд мөнгөн бус үйлчилгээг туршиж үзье, бие даан амьдрах асуудал руу анхааръя. Мөн асран хамгаалагчийн үнэмлэхийг туршиж үзэх санаачилгыг гаргаж байгаа. Энэ бол хамгийн эхний алхам байх ёстой. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүний зүгээс санаачилсан ажлууд маань Засгийн газартай нягт уялдаж буйг хэлэх хэрэгтэй. Эдгээр ажлууд маань явж явж эцэстээ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцтой уялдаж байгаа.

Хийж хэрэгжүүлж буй ажлууд маань НҮБ-ын конвенцын өгсөн зөвлөмжид нийцсэн нүдэнд харагдаж, гарт баригдах ажлууд юм.

Миний хувьд УИХ-ын гишүүн болсноос хойш бүх аймгийн Засаг дарга нарт 13 бүлэг ажил, 32 шалгуур бүхий товхимол хүргүүлсэн. Ингэхдээ “Та бүхэн энэ номын дагуу орон нутагтаа ажиллавал Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц болон эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангагдах юм” гэдэг зөвлөмжийг өгсөн. Зарим Засаг дарга нар маань үүнийг маш сайн хэрэгжүүлж байгаа. Тодруулбал Хөвсгөл, Ховд, Дорнод аймгийг онцлон дурдмаар байна. Харин зарим Засаг дарга нар яаж хийх вэ, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр асуулттай байгаа. Ер нь Засаг дарга нарын хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг олон нийт харах ёстой. Тухайлбал, аль аймаг иргэддээ хүртээмжтэй үйлчилж байна, аль аймаг алба хаагч нараа хандлагын сургалтад сургав гэх мэт. Энэ ажлыг улс орон даяар хэрэгжүүлэхийн тулд ажлын албатайгаа хамтран олон улсын жишгийн дагуу e-ersdel.mn системийг санаачилсан боловсруулсан. Энэхүү санаачилга маань Саадгүй орчин, хүртээмжийн тухай хуультайгаа уялдангаа засаг дарга нар төсвийн захирагч нарын хүртээмжтэй болгох хариуцлага, хэрэгжилтийг  иргэдийн хамт шаардах, биелэлтийг харах хүртээмжийн зураглал хийдэг болгочихъё гэдэг л санаа. Тус веб сайт руу И-монголиа аппликэйшнээр дамжуулаад орох боломжтой. Ингээд “эрсдэл мэдээлэх” цэсэнд хандах боломж нээгдсэн. Үүгээр дамжуулаад иргэд өөрсдийн амьдарч буй орчин, сургууль, эмнэлгийн эргэн тойронд буй аюултай нүх, саад, цахилгааны утас, шон гэх мэт бүх эрсдэлийг мэдээлэх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэдийн хандалтаар саад бэрхшээлийн хүсэлт орсон байна лээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх 12 дугаар сарын 3-нд олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулна. Дээр дурдсан хуулийг хэрэгжүүлэх суурь дэд бүтэц нь e-ersdel.mn систем нь гэж хэлж болно.

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр Засгийн газар болон НҮБ-ын гишүүн орнууд тайлангаа тавьдаг. Манай улсын хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд юу хийв гэдгээ эргэн харж, алдаа оноогоо ярилцах нь зүйтэй. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдрийг тохиолдуулан хийсэн ажлаа олон нийт тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийн асран хамгаалагч нарт танилцуулна. Түүнчлэн төрийн холбогдох чиглэлийн ажил хариуцагч байгууллагуудад ажлынхаа санаачилгыг танилцуулах арга хэмжээг Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.

Ярилцсан: