2 мин унших
Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.10.15/-ны өдрийн хуралдаанаар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 7 гишүүнээс өргөн мэдүүлсэн энэхүү төсөл 7 бүлэг, 31 зүйлтэй. Статистикийн хуулийг баталснаас хойших 29 жилийн хугацаанд 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, үзэл баримтлал нь бүрэн өөрчлөгдсөн, анхны зорилгоо биелүүлж чадахгүйд хүрсэн тухай хууль санаачлагч танилцууллаа. Түүнчлэн манай улсын үндэсний статистикийн тогтолцоонд олон улсын байгууллагуудаас үнэлгээг хийж, зөвлөмж, дүгнэлт өгсөн. Тус зөвлөмжид эрх зүйн шинэчлэл шаардлагатайг дурдсан, дэлхий нийтийн жишгээр салбарын бие даасан, хараат бус байдлыг бүрдүүлэх хэрэгцээнд үндэслэн төслийг боловсруулсан гэв. Хууль санаачлагчдын зүгээс тогтолцоог бүхэлд нь шинэчлэхийг зорьсон гэлээ.
Ингэснээр хуулийн хийдэл, давхардал арилж, статистикийн мэдээллийн хэлбэр, агуулга, зохицуулалт тодорхой болно. Үндэсний статистикийн хороо нь албан ёсны болон захиргааны статистик үзүүлэлтүүдийг тогтоох болсноор эрх зүйн тогтвортой орчин бүрдэх юм.
Мөн төрийн болон бусад байгууллагын мэдээллийн санд хандах, тэдгээрийг ашиглах, мэдээллийн олон эх үүсвэр ашиглах эрх зүйн орчинг бий болно. Статистикийн мэдээллийн эх үүсвэр, тархаалт, ашиглалт, чанарын хяналт, мэдээллийн нууцлал, хамгаалал, өгөгдлийн засаглал, өгөгдлийн шинжилгээний зохицуулалтыг төсөлд тусгасан. Үр дүнд нь төрийн их өгөгдлийн хэрэгжилтийг хангуулах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээв.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Очирбат танилцууллаа.
