2 мин унших
Д.Энхтүвшин: Хуулийн төслийг сайжруулах шаардлага байна!
УИХ-ын чуулганы /2026.10.15/-ны өдрийн хуралдаанаар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Би статистикийн байгууллагыг хамгийн нарийн бутархай орноор нь хүртэл тасалж тоо гаргадаг байгууллага гэж бодсон. Тэгсэн энэ оруулж ирсэн хуулийн төсөл ажлын хэсэг, статистик бүтэн байгууллага байж ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа гэдэгт би үнэхээр гайхаж байна. Энэ хуулийн төсөл хэлэлцэх хэмжээнд бэлэн биш байна. Би жишээ хэлье. Маш чухал салбарын шинэчилж байгаа хууль байтал энэ дотор маш олон алдаанууд байна. Өөр хуулиудаас хуулаад тавьчихсан юм уу. Үр нөлөөний тайлангийн дүгнэлт дээр нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэрийг оруулчихсан байна. Үүнийгээ ядаж засаарай. Зардлын тооцооны хуудсан дээр ч гэсэн Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэчихсэн байна.
ЗГ-аас санал аваад, хуулийн төсөл 35 бүлэгтэй гэж биччихсэн байна. 31 болгочихсон байгаа. Үүнийгээ засаагүй 35 бүлэгтэй гээд хуулийн танилцуулга дээр байна. Зардлын тооцоонууд дээрээ 30, 31, 32 гээд байхгүй зүйлүүдийг эшилчихсэн байна. Шаардлагатай бол гэсэн зарим юмнуудыг шаардлагатай юм шигээр тооцоонууддаа оруулчихсан байх жишээтэй. Дээр нь цалингийн тооцоон дээр алдаа гаргасан байна.
Боловсролын багш нарын цалинтай холбоотой асуудал гарч магадгүй. Төрийн албаны тухай хууль дээр статистикийн улсын байцаагчийг цагдаа, тагнуулын байгууллагатай адилтгаж тусгай албан хаагч болгоно гэсэн байна. Агуулга дээр нь төвлөрлийг сааруулж, төвлөрүүлж орон нутгийн удирдлагаас хараат бус болгоно гэсэн мөртлөө засаг захиргааны нэгжийн тухай хууль дээрээ статистик гаргах сумын чиг үүрэг болгосон байна. Дагаж мөрдөх журмын тухай хууль дээрээ 6.7 7.3.1 7.3.3 7.3.8 32.2.7 гээд бүгдээрээ байхгүй заалтуудыг эш татчихсан. Ийм байж та хэд яаж статистик гаргадаг юм бэ?
А.Ариунзаяа гишүүн ээ. Энэ бөөсийг чинь түүвэл дуусахгүй юм билээ. Хэлбэрийн хувьд хангасан юм шиг боловч дотор нь бөөн алдаа. Ингэж хууль оруулж ирмээргүй байна. Салбарын хууль байгаа, бүхэлд нь шинэчилж байгаа, хариуцлагатай байхгүй болбол ийм замбараагүй байдлаар бүтэн салбарын хуулийг шинэчилж оруулж ирмээргүй байна. 2 дугаарт, хувь хүний мэдээлэлтэй холбоотой асуудал байна.
