УИХ-ын үйл ажиллагаа4 мин унших
ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр У.Отгонбаяр нарын УИХ-ын 25 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Н.Батсүмбэрэл нарын УИХ-ын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэрээ соёрхон батлах тухай /Улаанбаатар хотноо 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”/ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав
Монгол Улсын 2027 оны төсвийн бодлогын хүрээнд цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц болон авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд төсвийн нөөцийг төвлөрүүлнэ
Сарын 792.0 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, гарааны бизнес эрхэлж байгаа байгууллагуудын ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд нэг сая орчим иргэний татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг нийт 1.0 их наяд төгрөгөөр бууруулах аж.
Мөн 2027 оны 2 дугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, 211.6 мянган албан хаагчийг хамруулан нийт 887.1 тэрбум төгрөгийг төсөвт нэмэлтээр тусгажээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2027 оноос хэрэгжиж эхэлснээр компанийн удирдлага, санхүүгийн сахилга, тайлагнал, ногдол ашгийн бодлого нэгдсэн шаардлагад шилжинэ.
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулж, зээлийн нөхцөлийг дахин хянан үзэх хугацааг 7 жилээс 3 жил болгон богиносгохоор тохиролцсоныг сайд тодотгоод, Монгол Улсад төслөөс ногдох нийт өгөөжийг 53 хувьд хүргэх, бодит өгөөжийг үе шаттай нэмэгдүүлэх нь хэлэлцээний үндсэн зорилго хэмээв.
Оюу толгой төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд 3.0 их наяд төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлж, үүнээс 2.0 их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан хүндрэлийг үе шаттай шийдвэрлэхэд чиглүүлэх аж. Үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэлээ.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10.0 их наяд төгрөг буюу гадаад зээл, тусламжийн ашиглалтын хүрээнд 4.2 их наяд төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.8 их наяд төгрөг, Оюу толгойн ногдол ашгийн хүрээнд 2.0 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Дээрх төслүүдийн 67 хувь буюу 6.7 их наяд төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөлд, 33 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд санхүүжүүлэх бөгөөд 1,101 төслийг 2027 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.

Түүнчлэн, 2027 онд нийтдээ 10.0 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдсэнээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, бүсүүдийн хөгжлийн саадыг арилгах бөгөөд 94 сургууль, 49 цэцэрлэг, 36 эмнэлэг, 42 дотуур байрыг ашиглалтад оруулж, 375 км авто замын барилгын ажлыг 2027 онд хэрэгжүүлж дуусгана гэж төлөвлөжээ. Мөн таван боомтын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, хоёр боомтын барилгын ажлыг шинээр эхлүүлэхийн зэрэгцээ газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр 110.0 мянган ажлын байрыг хадгалж, 23.5 мянган ажлын байр шинээр бий болгох боломж бүрдэнэ
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа.
