2 мин унших
Бор-Өндөр сумын иргэд, уурхайчидтай уулзлаа

Өнөөдөр орой /2026.10.20/ УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Бор-Өндөр сумын уурхайчид, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар салбарын бодлого, шинээр туршин хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, 2026 оны төсвийн тодотголын талаар мэдээлэл хүргэв.
Иргэдийн зүгээс Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт, "Оюуны уурхай" ЕБС-ийн бүтцийн асуудал, багшийн хөгжлийн өрөөний санхүүжилт, сумын газар нутгийг тэлэх боломж, Гэр бүлийн тухай хууль, Гадаадын иргэн, харьяатын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, мөн "Оюу толгой" компанийн ногдол ашгийн талаар асуулт асууж, хариулт авлаа. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалин болон ахмадын тэтгэврийн нэмэгдэл нь цагаа олсон шийдвэр болсныг иргэд онцлон хэлж байна.
Мөн иргэд малаа эрүүлжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг захив.
Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Беларусь улсад ажлын айлчлал хийх үеэрээ буюу Засгийн газрын комиссын хуралдааны үеэр тус улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар 5 баримт бичигт гарын үсэг зурсан.

Тэдгээрийн нэг нь ХАА-н техник тоног төхөөрөмж нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах тухай ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон Бүгд найрамдах Беларусь улсын Минскийн тракторын үйлдвэр (МТЗ) хооронд байгуулсан санамж бичиг байв. Энэ санамж бичгийн хүрээнд Минскийн 35 болон 50 морины хүчтэй тракторыг Монголд угсрах, цаашлаад дотоодын аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр ажлыг эхлүүлэхээр зорьж байна.
Энэ хүрээнд Минскийн тракторын үйлдвэрийн мэргэжилтэн трактор угсрах төвийг судалхаар энэ аравдугаар сард Бор-Өндөр суманд ажилласан. Тухайлбал, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн хүнс, барааны төв агуулах байсан барилга байгууламж нь 2015 оноос хойш ашиглагдаагүй бөгөөд төмөр замын өртөөнд ойр байрладгаараа давуу талтай. Уг барилга байгууламжийн дотоод зохион байгуулалт, хийцийг өөрчилснөөр жилд 80 морины чадалтай 3000 хүртэл трактор угсрах төв байгуулах боломжтой гэдэг дүгнэлтийг хийгээд явсан.
Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийх айлчлалын хүрээнд тус улсад ажиллахдаа трактор угсрах төвийн ажлыг эцэслэн шийдэхээр зорьж байна
Эх сурвалж:
