УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
Б.Түвшин: Ямар төслүүд нь Монгол Улсыг эдийн засгийг хөгжилд хүргэж, ямар үр дүнд хүргэх юм гэдгээ эхлээд төлөвлөх хэрэгтэй!

Улсын Их хурлын чуулганы 2026.10.22-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Нэгдүгээрт, өнөөдөр бид нар төсөв санхүү гэхээр бөөн маргаан, хэрүүл уруул болдог. Ямар төслүүд нь манай Монгол улсын эдийн засгийг хөгжилд хүргэх юм, ямар үр дүнд хүргэх юм? Энэ үр дүнгийн хариуцлагаа хэн хүлээх юм гэдгээ эхэлж төлөвлөх хэрэгтэй. Үүнийгээ дараа нь мөнгөөр нь санхүүжүүлдэг хэлбэр лүү явж байж эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хувьд зөв болно. Гэтэл өнөөдөр бид нар үр дүнд хүрэх төлөвлөлт, үр дүнд хүрэх төсвүүдээ тодорхойлохгүй байна. Харин тухайн цаг жилдээ хэрэгтэй байгаа, аймаг сумандаа хэрэгтэй байгаа байшин барилга зэрэг рүү явсаар байгаад эргээд хэчнээн их наяд төгрөг зарцуулсан ч гэсэн улсын маань эдийн засаг нэг ч ахидаггүй, иргэдийн маань орлого огт өсдөггүй болоод байгаа.
Тийм учраас яаж үр ашигтай төлөвлөлтийг хийх вэ, яаж үр ашигтай эдийн засгийн зохион байгуулалттай болох вэ, төсөв гээд байгаа гаа хэдхэн төгрөгөө Монгол хүмүүсийг ажилтай орлоготой олигтойхон амьдралтай болгоход яаж зөв зарцуулах вэ гэдэг нь явж явж эдийн засгийн төлөвлөлт, эрэмбэ дараалалтай байгаа юм. Өнөөдөр гааль руу явж байгаа зам зүгээр нэг жирийн сум руу явж байгаа зам 2-ыг бид нар зэрэгцүүлээд л олонхын саналаараа шийднэ гэдэг ч юм уу лоббигоороо шийднэ гэдэг ч юм уу ийм л байдалтай байж байгаа. Тийм учраас энэ хууль бол төсвийн хөрөнгө оруулалтыг бодитойгоор үнэлдэг болгоё, эрэмбэлдэг болгоё.
Тэгээд ач холбогдлыг нь эдийн засгийн мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлж, эдийн засагт нөлөөлөх нөлөөллөөр нь зөв эрэмбэлж урьдчилаад тогтооё. Тухайн цаг үед нь олонхын саналаар буюу эсвэл маргааны байдлаар шийддэг биш болъё гэж байгаа хуулийн их зөв эрэмбэ дараалалтай болгож байгаа юм.

