УИХ-ын үйл ажиллагаа1 мин унших
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалтад оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт өчигдөр буюу аравдугаар сарын 24-нд Сүхбаатар дүүрэгт болж, тус уулзалтад УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл оролцон тойргийнхоо иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтын үеэр иргэд орон сууцны дахин төлөвлөлт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээ, цахилгаан, дулааны хангамж, ногоон байгууламж зэрэг тулгамдсан асуудлуудаа хөндөж, санал хүсэлтээ илэрхийллээ.
Ерөнхий сайд Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийг танилцуулж, цалин, тэтгэврийн нэмэгдэл, татварын шинэчлэл, төрийн өмчит компаниудын реформын талаарх иргэдийн асуултад хариуллаа.
2027 оны улсын төсвийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэхээр санал болгосон дараах бүтээн байгуулалтын ажлуудыг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнд:
9, 11 дүгээр хороонд тус бүр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль
13 дугаар хороонд тусгай хэрэгцээтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор
17, 19 дүгээр хорооны цахилгаан түгээх сүлжээний шинэчлэл
“Өргөө” амаржих газрын их засвар
Ерөнхий сайд уулзалтаар хөндөгдсөн асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа илэрхийллээ.
“УИХ-ын гишүүний хувьд иргэдийнхээ санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусгах, тойрогт төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно” хэмээн УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл тодотгов.
