Оношилгоо, эмчилгээ2 мин унших
Нойр булчирхайн хавдар судлалын хүрээнд шинжлэх ухаан нэг алхам урагшиллаа

Нойр булчирхайн хорт хавдар бол хамгийн түрэмгий явцтай, эмчилгээнд тэсвэртэй, тавилан муутай хавдрын нэг юм. Гэвч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нэгэн баяртай мэдээг хуваалцах гэж байна.
Тэрбээр "Шинжлэх ухаан нэг алхам урагшиллаа!
Саяхан нийтлэгдсэн судалгаагаар эрдэмтэд нойр булчирхайн хорт хавдрын эдийн сорьцуудаас ялган авсан 443 мянга гаруй эсийг нэг эсийн түвшинд шинжилж, хавдрын эсүүд хэрхэн өөрчлөгдөн, улам түрэмгий болж, эмчилгээнд тэсвэржилт үүсгэдэг механизмыг судалжээ.
Хамгийн сонирхолтой нь хавдрын түрэмгий шинжийг зохицуулахад оролцдог MYC генийн идэвхийг дарангуйлахад хавдрын эсүүд харьцангуй бага түрэмгий төлөв рүү шилжих боломжтойг лабораторийн судалгаагаар харуулсан байна.
Энэ бол хавдрын эсийг зөвхөн устгах бус, түүний аюултай шинж чанарыг өөрчлөх шинэ боломжийг нээж буй чухал алхам юм.
Миний хувьд анх Монголд элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийг байгуулж, өмнө нь эх орондоо хийх боломжгүй, мэс заслын дараах хүндрэл өндөртэйд тооцогддог байсан нойр булчирхай, цөсний замын хавдрын нарийн төвөгтэй мэс засал, эмчилгээг баг хамт олонтойгоо нутагшуулж чадсандаа бахархдаг.
Тэр үед боломжгүй мэт санагдаж байсан зүйл өнөөдөр Монголд хийгддэг эмчилгээ болсон.
Тиймээс хавдар судлалын ийм шинэ нээлт бүрийг би онцгой догдлон хүлээж авдаг.
Мэдээж энэ судалгаа шинэ эмчилгээ батлагдлаа гэсэн үг биш. Цаашид олон шатны судалгаа шаардлагатай. Гэхдээ өнөөдрийн лабораторийн нээлт маргааш өвчтөний амь насыг аврах эмчилгээ болж чаддагийг анагаах ухааны түүх бидэнд харуулсан.
Хавдрыг ялахын тулд эхлээд түүнийг ойлгох ёстой.
Өчигдөр боломжгүй байсан зүйл өнөөдөр боломжтой болсон. Өнөөдөр боломжгүй мэт санагдаж буй зүйлийг маргааш шинжлэх ухаан боломжтой болгоно.
Шинжлэх ухаан урагшилсаар, хавдрыг ялах тэмцэл үргэлжилсээр байна!" гэв.

