Спортыг хөгжүүлэх1 мин унших
Говийн бүсийн шатарчид Өмнөговь аймагт чуулна

УИХ-ын гишүүн Р.Сэддорж 2022 онд Өмнөговь аймагтаа Говийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анхлан зохион байгуулж байсан.
Тэрбээр энэ жил уг тэмцээнийг дахин Өмнөговь аймагтаа зохион байгуулах талаар Олон улсын хэмжээний мастер, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч багш Г.Оргилтой уулзаж, санал солилцлоо.
Зургаан настай балчраас наян настай буурал хүртэлх шатар сонирхогчид оролцдог, 300 орчим шатарчныг нэгтгэдэг энэхүү тэмцээн ирэх сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Говийн бүсийн шатарчид маань мэргэн оюун, хурц тооцоолол, ур чадвараараа өрсөлдөх мөч ойртлоо.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
Энэ жилээс манай улсад бага ангийн сурагчдад шатрын боловсрол олгох олон улсын хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа нь онцлох үйл явдал юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 1–5 дугаар ангийн хүүхдүүд 34 багц хичээлээр шатрын мэдлэг, чадвар эзэмших зорилготой.
Үүнийг үр дүнд хүргэхийн тулд багш нарыг сургах, заах арга зүйг эзэмшүүлэх, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Тиймээс бид шатрын тэмцээнийг амжилттай зохион байгуулахаас гадна шатрын спортыг хүүхэд багачууд, залуу үеийнхний дунд түгээн дэлгэрүүлэх, оюуны спортоор хичээллэх орчин, боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал.
Оюун ухаанаа хөгжүүлсэн хүүхэд, ирээдүйгээ бүтээх чадвартай иргэн болно!
Эх сурвалж:
Vip76.mn