Урлагийн хөгжил1 мин унших
ОУ-ын Кино наадмуудад амжилт гаргасан уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан олон улсын нэр хүндтэй кино наадмуудад амжилт гаргасан “Зогсоол”, “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач” киноны уран бүтээлчид болон Кино урлагийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино 2026 оны Пусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол найруулагч Ж.Сэнгэдоржийн “Ханын зураач” кино 2025 оны Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмаас NETPAC шагнал хүртэж, 2026 оны Швейцарын Фрайбургийн олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан юм.
Мөн найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат кино 2026 оны “Трайбека”, “Sheffield DocFest” олон улсын кино наадмуудын уралдаант хэсэгт шалгарч, 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ.

Уулзалтын үеэр сайд Ж.Алдаржавхлан Монголын кино урлагийн олон улсын амжилт нь уран бүтээлчдийн авьяас чадвар, хөдөлмөрийн үр дүн төдийгүй үндэсний кино үйлдвэрлэлийн хөгжлийн бодит илэрхийлэл болохыг онцоллоо.
Түүнчлэн үндэсний кино урлагийг хөгжүүлэх, монгол бүтээлийг олон улсын зах зээлд гаргах, кино үйлдвэрлэлийг дэмжихэд төр, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, уран бүтээлчдийн цаашдын ажилд амжилт хүслээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл 2022 оноос үндэсний кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, монгол киног олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.


