Хамтын ажиллагаа1 мин унших
Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын сайд Марат Сергеевич Марковтой уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын сайд Марат Сергеевич Марковтой 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Минск хотноо уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан сайд М.С. Марковт “Монголын сайхан орон” урлагийн тоглолт, морин хуур, гэрэл зургийн үзэсгэлэнг Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулахад үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийлж, хоёр улсын соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдэв.
Талууд уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны Төрийн тэргүүд Монгол, Беларусийн соёлын өдрүүдийг 2027-2028 онд харилцан зохион байгуулахаар тохиролцсоныг онцолж, зөвхөн соёл, урлагийн салбарт мөн номын сан, кино урлагийн чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын дараа сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Беларусь Улсын эрдэмтэн Владимир Иванович Куликович агсанг “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр нэхэн шагнахаар шийдвэрлэсэнг танилцуулж, түүний гэргий Лариса Николаевна Куликовичт шагналыг гардуулав.
Эрдэмтэн Владимир Иванович Куликович нь “Монголын нууц товчоо” бүтээлийг 2025 онд беларусь хэлнээ орчуулан хэвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ба түүний хөдөлмөр, зүтгэл нь Монгол, Беларусийн найрсаг харилцаа, соёлын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан юм.

Эх сурвалж:
Vip76.mn