Олон улсын харилцаа2 мин унших
Ухаалаг, цахим эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэлхийн 10 зарчмыг тодорхойлсон Сөүлийн тунхаглалд гарын үсэг зурж, батлалцлаа
ХҮНИЙ АМЬ НАСНЫ ҮНЭ ЦЭН УЛС ОРНЫ БАЯН, ЯДУУГААС ХАМААРАХ ЁСГҮЙ!
Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Чинбүрэн БНСУ-ын Сөүл хотноо 2026 оны 10 дугаар сарын 28–29-нд зохион байгуулагдсан Олон улсын эрүүл мэнд, эмнэлгийн технологийн VI хурал (6th International Healthcare & Medtech Conference)-д оролцож, олон улсын экспертүүдтэй хамтран эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, санхүүжилт, шинэ технологийн хүртээмжийн асуудлаар санал бодлоо солилцлоо.
Тус хурлын “Хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд олон талт хөгжлийн банкуудын санхүүжилт, түншлэл, өргөжүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны үүрэг” сэдэвт панел хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын туршлага, тулгамдсан асуудлыг танилцуулав.
Тэрбээр, Монгол Улс 3.5 сая орчим хүн амтай ч 1.56 сая км² өргөн уудам нутагтай. Хүн амын сийрэг суурьшил, алслагдсан байдал, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийн төвлөрөл нь иргэдэд амь аврах тусламжийг цаг алдалгүй хүргэхэд томоохон сорилт болж байна.
Монголд хийсэн судалгаагаар эмнэлгээс гадуур нас барсан 5,403 тохиолдлын 29.1 хувийг зохих тусламжийг цаг тухайд нь үзүүлсэн нөхцөлд сэргийлэх боломжтой байж болзошгүй гэж ангилсан нь анхаарал татахуйц үр дүн юм.
Иймээс Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 225 сая ам.долларын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт нь орон нутгийн эмнэлгүүдийн чадавх, яаралтай болон эрчимт эмчилгээ, оношилгоо, цахим эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн хурлын үеэр нэгэн зарчмын байр суурийг илэрхийлсэн юм.
Анагаах ухаан хүний амийг аврах шинэ технологи, үр дүнтэй эмчилгээ, сайн эмийг бүтээж чадсан байхад зөвхөн үнэ өртгөөс нь шалтгаалан хөгжиж буй орны өвчтөн тэр тусламжийг авч чадалгүй амь насаа алдана гэдэг байж боломгүй зүйл.
Шинжлэх ухааны дэвшил цөөн хэдэн баян орны давуу эрх бус, хүн бүрд хүртээмжтэй байх ёстой болохыг тодотгов.
Хурлын хүрээнд “Global Smart and Digital Healthcare Principles” буюу ухаалаг, цахим эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэлхийн 10 зарчмыг тодорхойлсон Сөүлийн тунхаглалд гарын үсэг зурж, батлалцлаа.
Энэхүү тунхаглал нь хиймэл оюун ухааны хариуцлагатай хэрэглээ, эрүүл мэндийн мэдээллийн системийн уялдаа, цахим аюулгүй байдал, эмнэлгийн ажилтнуудын хөгжил, алслагдсан иргэдийн тусламжийн хүртээмж, хөрөнгө оруулалтын бодит үр дүнг чухалчилсан юм.
