Үйл явдалУрлагийн хөгжил2 мин унших
Дуу хөгжмийн багш нарын олон улсын мастер сургалт эхэллээ

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих олон улсын мастер сургалт 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр эхэллээ.
Энэхүү сургалтыг Боловсролын яам, "Хурд" хамтлагтай хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь 2021 онд хөгжмийн багш нарыг чадавхжуулах мастер сургалтыг зохион байгуулж байсан туршлагатай.

Арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус сургалтад Их Британийн найруулагч, бүжгийн дэглээч Зена Густхард, Лондоны хөгжмийн академийн захирал, төгөлдөр хуурч Соин Ким тэргүүтэй Монгол болон олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид, мэргэжилтнүүд багшилж байна.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд хүүхдүүдэд зөвхөн мэдлэг эзэмшүүлэхээс гадна бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй эргэцүүлэх, хамтран ажиллах, харилцах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгон хүндэтгэх зэрэг XXI зууны ур чадварыг төлөвшүүлэх нь чухал.

Эдгээр чадварыг хөгжүүлэхэд урлагийн боловсрол чухал үүрэгтэй. Дуу хөгжим, урлагийн хичээл нь хүүхдэд зөвхөн хөгжмийн мэдлэг олгохоос гадна бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл, харилцаа, хамтын ажиллагааны чадвар болон нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг дэмжих өргөн ач холбогдолтой.
Мастер сургалтын хүрээнд багш нар орчин үеийн хөгжмийн боловсролын чиг хандлага, сургалтын шинэлэг арга зүй, хүүхдийн бүтээлч болон нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг дэмжих сургалтын арга барилтай танилцаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаж байна.
Хөгжмийн боловсролоор дамжуулан хүүхэд бүрд бүтээлч сэтгэлгээ, харилцааны соёл, багаар ажиллах чадвар, өөрийгөө илэрхийлэх чадамж, бусдыг ойлгон хүндэтгэх хандлага зэрэг ирээдүйн иргэний төлөвшилд шаардлагатай үнэт зүйлсийг хөгжүүлэхэд энэхүү сургалтын үр нөлөө чиглэж байгаа юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
