Онцлох мэдээХамтын ажиллагаа2 мин унших
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Засгийн газраас 1 сая ам.долларын санхүүжилт нэмж олгох бөгөөд нийт 4 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
“Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах” төслөөр боловсролын салбарт дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.
НЭГДҮГЭЭРТ: СУРГУУЛИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛНА.
Дөрвөн сургуулийн дотуур байрыг аюулгүй байдал, хамгаалалт, гамшигт тэсвэртэй байдлын шаардлагад нийцүүлэн шинэчилнэ. Ингэснээр хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг оролцуулан 19,500 орчим сурагчид аюулгүй, ээлтэй орчинд суралцах нөхцөл бүрдэнэ.
ХОЁРДУГААРТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ.
12 сургуульд урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтын материал шинэчлэх, багш, ажилтнуудыг чадавхжуулах, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн сургуулийн болон цахим орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтээс сэргийлэх цахим аюулгүй байдлын санаачилгуудыг хэрэгжүүлнэ.
ГУРАВДУГААРТ: ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛНЭ.
Хохирогч, даван туулагчид болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, залуучуудад зориулсан урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Мөн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон анхан шатны үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
Түүнчлэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бодлого, институцийн шинэчлэлийг дэмжиж, цахим орчин дахь хүчирхийллийн шинэ хэлбэрүүдтэй тэмцэх тогтолцоог сайжруулна.
Хүчирхийлэл гарсны дараа арга хэмжээ авах нь хангалтгүй. Урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, хүүхдийг хамгаалах, өртсөн тохиолдолд шуурхай, мэргэжлийн тусламж үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал.
Боловсролын салбарын бодлого, үйл ажиллагаа хүүхэд бүрийн сурч боловсрох эрхийг хамгаалсан, аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэх ёстой.
