Цэцэрлэг, Сургууль2 мин унших
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дараагийн шатны шийдлүүдийг хэрэгжүүлнэ

Өчигдөр /2026.11.02/ Боловсролын сайд Л.Энх-Амгалан хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзаж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг урт хугацаанд тогтвортой хангах чиглэлээр санал солилцлоо.
Сайд хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд цэцэрлэгийн хүртээмж мэдэгдэхүйц сайжирч, өмнө нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсан олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болсон.
Энэ хамтын ажиллагаа нь хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, Монгол Улсыг сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтын үзүүлэлтээр тэргүүлэх орнуудын нэг болоход чухал нөлөө үзүүллээ.
Ирээдүйд үүсэж болзошгүй сорилтыг эртнээс тооцоолж, нөхцөл байдал бий болсны дараа бус урьдчилан сэргийлэх зарчмаар ажиллах нь чухал болохыг онцлов.

Иймээс хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилтын өөрчлөлттэй уялдан цэцэрлэгийн хүртээмжид үзүүлэх нөлөөллийг тооцож, дараагийн шатны шийдлүүдийг боловсруулах талаар хэлэлцэв.
Нийслэлийн дүүргүүдийн хүн амын бүтэц, хүүхдийн төвлөрөл, цэцэрлэгийн ачаалал харилцан адилгүй байгаа учраас бодит өгөгдөл, хэрэгцээнд суурилсан төлөвлөлт хийх шаардлагатай байна.
Тиймээс төр, хувийн хэвшил хамтран сургуулийн өмнөх боловсролын салбарын 2030 он хүртэлх хөгжлийн замын зураглал боловсруулж, талуудын үүрэг оролцоо, хөрөнгө оруулалт, хүртээмж, чанар, хүний нөөцийн бодлогыг нэгдсэн зорилгод чиглүүлэн хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Мөн багш, ажилтны хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн хөгжлийг дэмжих, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэх нь бидний нийтлэг зорилго хэвээр байх болно.

